Гурван тивийг донсолгосон бослого
Өнөөдрийн байдлаар Америкт Венесуэл, Европт Украин, Азид Тайландад болж буй бослогын тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гол анхаарлаа хандуулан мэдээлэл бэлтгэж байна. Улс орныхоо Засгийн газар, төрд эсэргүүцлээ илэрхийлсэн иргэд нь хэдэн мянган хүнийг хамарсан бослого хөдөлгөөн эхлүүлж байна.
{!!!left!!!}Венесуэлийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан жагсаал зохион байгуулж эхлээд байна.
Тэд Засгийн газрыг бараа бүтээгдэхүүний хомсдол, гэмт хэрэг инфляцийг нэмэгдүүлсэн зэрэгт буруутган ихэд бухимдаж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Венесуэлийн нийслэл Каракас хотноо жагсагчид болон Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарч, дөрвөн хүн бууны суманд өртөн амь үрэгдсэн нь олон нийтийг цочирдуулсанбилээ.
Тэгвэл өчигдөр оройноос эхлэн Украин улсад байдал хурцдаж сөрөг хүчнийхэн болон цагдаа нар хоорондоо гал нээж эхэлсэн. Энэхүү мөргөлдөөний улмаас 25 хүн амь насаа алдсаны долоо нь цагдаа байсан юм.
Европын холбоонд нэгдэхийг хүссэн иргэд сөрөг хүчнийхэнтэй нэгдэж ерөнхийлөгчөөс тус холбоонд нэгдэхийг шаардаж байгаа. Өчигдөр сөрөг хүчний төлөөлөл ерөнхийлөгчтэй уулзаж тохоролцоонд хүрэх гэсэн боловч энэ нь амжилтгүй болсноос бослого үймээн дахин илүү хүчтэйгээр өрнөх болсон билээ.
Харин Ази тивд Тайландын бослого халуун сэдвүүдийн нэг болоод байна. Тайланд улсын эрх баригчид жагсагчдын эсрэг гал нээж, тэднийг буулган авах ажлаа эхэлсэн. Албаны хүмүүсийн хэлж буйгаар Тайланд улсын аюулгүй албаныхан нь удаан хугацааны туршид жагсагчдын хяналтад байсан Засгийн газрын ордон, дотоод хэргийн яам зэргийг хяналтдаа шилжүүлэн авч эхэлсэн байна. Өчигдрийн мөргөлдөөнд л гэхэд таван хүний амь нас эрсэдсэн байна.
Тайландын хууль хяналтынхан “Бангкокт энх тайван тогтоох ажиллагаа” нэртэй хүчний арга хэмжээ зохион байгуулж, жагсагчдыг хүч хэрэглэн тараажээ.Жагсаалыг хүч хэрэглэн тараах ажиллагааны үеэр 100 орчим хүнийг баривчилжээ. Энэ үеэр жагсагчид болон хүчнийхний хооронд мөргөлдөөн гарснаас нэг цагдаа амь үрэгдэж, 40 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ