Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачилжээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нарын гишүүд мал аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлж байгаа талаар өнөөдөр /2014.01.21/ Төрийн ордны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээллээр манай улс 145229 малчин өрхтэй. Улсын хэмжээгээр ядуурлын төвшин 27.4 хувь байгаа бол малчдынх 34.4 хувь, малчин бус иргэдийнх 24.4 хувь байна. Иймд мал аж ахуй эрхлэгчдийн нийгмийн баталгааг сайжруулах, цаашид нийгмийн даатгалд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор дараахи дөрвөн асуудлыг тусгасан багц хуулийн төслийг боловсруулсан байна. Үүнд:

1. 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил нь малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн 50 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрхтэй байх, ингэснээр малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван насаар наашлуулах,

2. Жилийн дөрвөн улиралд байгал, цаг уурын шууд хамааралтай нөхцөлд, өдөр шөнөгүй, цаг наргүй, амралтгүй, хүнд хүчир биеийн хөдөлмөр эрхэлдэг онцлогийг нь харгалзан малчнаар ажилласан нэг жилийг 1 жил 6 сараар нэмэгдүүлэн тооцох,

3. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн улирлын шинж чанар, орлогын тогтвортой бус байдлыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, жилээр төлж болох,

4. Малчид хувиараа мал аж ахуй эрхэлж байгаа мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд төлж чадаагүй болон төлөх боломжгүй байсан шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгох асуудал багцаар багтаж байгаа аж хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ