Н.Тэгшбаяр: Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах лиценз нэг байгаа

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцлээ. Тус байнгын хорооны 2014 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 01 тоот тогтоолоор Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль, уг хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2000 оны 19 тоот тогтоол болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан, санал, дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэг боловсруулсан санал, дүгнэлтээ гишүүдэд танилцууллаа.Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллагууд арга хэмжээ авч ажилласан байна гэж ажлын хэсэг дүгнэжээ.

Монгол Улс “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх талаар НҮБ-ын гишүүн орнуудтай, нэн ялангуяа цөмийн зэвсэгтэй таван гүрэнтэй нягт хамтран ажиллаж иржээ. Үүний үр дүнд 2012 онд цөмийн зэвсэгтэй таван гүрэн манай улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэхээ мэдэгдэж, түүнийг зөрчихөд чиглэсэн аливаа үйлдэл хийхгүй байхаа зарласан байна.

2013 онд Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл, Олон улсын Парламентын холбоо болон НҮБ-ын Зэвсэг хураах алба дэлхийн II дайнаас хойш энх тайвныг бэхжүүлэхэд дөхөм үзүүлсэн зэвсэг хураах талаарх бодлого, үйл ажиллагаанаас Монгол Улсын хууль болон цөмийн зэвсгээс ангид байх төрийн бодлогыг өндрөөр үнэлж, “Хүндэтгэлтэйгээр тэмдэглэх” байранд шалгаруулснаа зарлажээ.

Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн судалгааны төв тус улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа цөмийн зэвсгийн туршилтуудыг хянах олон улсын болон АНУ-тай хамтран чичирхийлэлтэд хяналт тавих станцуудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсгээс Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилт хэвийн, ноцтой зөрчигдсөн зүйл, заалт үгүй байна гэж дүгнээд, олон улсын өнөөгийн байдал, Олон улсын Парламентын холбооны ассамблейн 120 дугаар тогтоолд нийцүүлэн УИХ-ын 2000 оны 19 тоот тогтоолд өөрчлөлт оруулж, зэвсэг хураах чиглэлээр бусад улстай хамтран ажиллах үүргийг Засгийн газарт өгөх заалт нэмэх нь зүйтэй гэж үзсэн байна. Түүнчлэн Байнгын хорооноос зарим арга хэмжээг авч ажиллах талаар Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Цөмийн зэвсгээс ангид байх тухай статусаа цаашид баталгаажуулах талаар цөмийн зэвсэгтэй таван гүрэн, цөмийн зэвсэггүй бүсүүдийн гишүүн орнууд болон бусад улс орон, олон улсын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлан төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх чиглэл өгөхөөр саналдаа тусгасан байна. Мөн Монгол Улсын хил орчимд байрлаж буй хөрш орнуудын цөмийн байгууламжууд, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаар судалгаа хийж, ҮАБЗ-д танилцуулах, Монгол Улсын төрийн далбаа бүхий түрээсийн хөлөг онгоцууд Монгол Улсын хууль, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 тоот тогтоол болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг хэрхэн хэрэгжүүлж буй талаар Байнгын хороонд мэдээлэл хийх чиглэлийг өгөхөөр тусгажээ.

Ажлын хэсэг санал, дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын лицензийн талаар тодруулсан. Тэрбээр олборлолт хийж эхэлсэн компани байгаа эсэхийг лавлав. Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярын хариулснаар Дорноговь, Дундговь аймгийн нутагт хайгуул хийх гол гол лицензүүд байгаа бөгөөд 1995 оны хуулиар олгогдсон 165 хайгуулын лицензийн 70 нь одоогоор хүчинтэй байгаа ажээ. Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах лиценз нэг байгаа ч уран биш, хүнд металиуд олборлох лиценз юм. Гэхдээ олборлолт хараахан хийгээгүй, асуудал шүүхийн шатанд яваа гэсэн хариултыг өгсөн юм. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг гишүүд сонсч, хэлэлцээд улмаар Засгийн газарт чиглэл хүргүүлэхээр тогтлоо.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ