Болоогүй л байна даа МАН-ынхаан
МАН өнгөрсөн онд шинэчлэлийн гэх тодотголтой хурлаа хуралдуулж, шинэ удирдлага намын хувьд заяаг шийдэхээр болсон. Тэдний хувьд ажлаа аваад гурван сарын хугацаа болж байгаа ч дорвитой шинэчлэлийг хийгээгүй байна. Тэдний хувьд бүтэц бүрэлдэхүүнээ өөрчлөхийг шинэчлэл гэж бодсон учир дотооддоо халаа сэлгээ хийсэн. Гэтэл тэдний халаа сэлгээ өнөөдөр үр дүнгээ өгсөнгүй. Улам ч дордуулж байна. Түүний илрэл бол Говь-Алтай аймгийн дахин сонгууль.
Угтаа бол 21 аймгаас улаан гэх тодотголтой цөөхөн аймгуудын нэг бол Говь-Алтай. Тэр ч утгаараа Говь-Алтайчуудыг цэнхэртүүлнэ гэж МАН-ынхан бодоогүй байтал ийнхүү Ардчилсан намынханд алдаж, далаараа цэвэр тавиуллаа. Магадгүй энэ бол ирэх 2016 оны сонгуулийн өнгө төрхийг тодорхойлж ч байх магадлалтай. Учир нь 2012 оны сонгуулийн дараагаас тэд олон удаагийн ялагдлаас сургамж авсан бол энэ удаад ингэж цэвэр тавиулахгүй байсан. Ядаж л эн тэнцүү үзэх байсан.
Нөгөөтэйгүүр, энэ удаагийн ялагдал мөн л амин хувиа хичээсэн зангаа тавиагүйтэй холбоотой. Тэд өнгөрсөн олон удаагийн сонгуулиудад энэ зангаа хаяж чадаагүйгээс болж ялагдал хүлээж байсан. Нэг тойрогт нэр дэвшиж байгаа нэг намын хоёр нөхөр хоёр өөр зүйл ярьж, нэгнээ “хутгалж” байсан гэдгийг МАН-ынхан өөрсдөө ч мэднэ. Нам гэхээс илүүтэйгээр хувийн амбиц нь дийлсэн хүмүүсээр дүүрсэн.
Говь-Алтайн ялагдал бол тэдний үнэн төрхийг дахин илчилж байгаа хэрэг. Угтаа бол тэд энэ удаагийн сонгуульд цээжээ дэлдэх бус хамаг анхаарлаа хандуулах ёстой байсан.
Угаасаа улаан гэх ойлголтыг тээх бус яаж ялалтаа бататжуулах талаар л бодох ёстой байжээ МАН-ынхаан. Хэрвээ тэд намын төлөө зүрх сэтгэлээр хандсан бол нэг ч гэсэн тойргоо Ардчилсан намынханд алдахгүй бөгөөд ирэх 2016 оны сонгуульд ихээхэн дэмжлэг үзүүлэх байсан байх.
Зовлон жаргалыг нь мэдэх аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаярыгаа нэр дэвшүүлсэнгүй, тойргийн гадна үлдээсэн. Мөн нэр дэвшүүлсэн 15 хүний таван нь бетон зуурмагийн үйлдвэрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд байсан зэрэг өмнөх алдаагаа дахин давтлаа. Энэ тэнэг үйлдлүүд МАН-ыг мөхөлд хүргэнэ гэдгийг шинэ удирдлагууд нь ойлгох хэрэгтэй буй за.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ