Хятадад тэнгисийн флотын хэд хэдэн томоохон төсөл хэрэгжиж байна
Хятадын тэнгист тив хоорондын JL-II пуужин байлдаанд оролцоход бараг бэлэн болжээ. Ийнхүү хятад улс стратегийн цөмийн хүчээ тэнгис далайд байрлуулж байгаа нь цаад утгаараа тэнгисийн цэргээ хүчирхэгжүүлж яваандаа АНУ-тай хүч үзэх бодлоготой хэмээн зарим шинжээчид үзэж байна.
Хятадын атомын пуужинт шумбагч онгоцууд энэ оноос байлдааны эргүүл хийж мэдэхээр байгаа тухай АНУ-ын хэвлэлүүд бичиж байгаа. Хятадын анхны 12 пуужин бүхий 092 “Их аян-VI” төслийн атомын шумбагч онгоцыг 1987 онд ашиглалтад оруулж байсан бол тэр цагаас хойш тасралтгүй хөгжсөөр батлан хамгаалах салбарын гол анхаарлаа хандуулах хэсэг байсаар ирэв.
Энэ хугацаанд Хятадын тэнгисийн флот хангалттай хүчирхэг болоогүй учир ямар нэгэн дайралт хийхэд бэлэн байгаагүй юм. Удаа дараа бүртээ хойшлогдож, дахин шинэчлэн сайжруулах шаардлагатай нүүр тулж байсан билээ.
Харин 2012 оноос БНХАУ атомын пуужин бүхий шумбагч онгоцны флотыг эрчимтэй байгуулж байна. Одоо 094 төслийн гурван хөлөг онгоц бэлэн болжээ. Энэ нь хэзээд ашиглахад бэлэн тэнгисийн хүчин гэсэн үг. Түүнчлэн эдгээрээс гадна 24 пуужин бүхий 096 төслийн хөлөг онгоцыг зохион бүтээж байгаа тухай АНУ Батлан хамгаалах яамныхаа дагуу олж авсан мэдээллээ олон нийтэд дэлгэсэн байна.
1970-д оны сүүлээс эхлэн Хятад улс тэнгисийн цэргийг сайтар бэлтгэх ёстойг ухаарсан гэж хэлж болно. Тухайн үед Хятадад орчин үеийн цохилтын нисэх онгоц, далавчит пуужин байсангүй. Гэвч өсөн нэмэгдсээр одоо нөхцөл байдал үндсээр өөрчлөгджээ. Ашиглалтад оруулсан хятадын эхний гурван атомын шумбагч онгоц тив хоорондын 36 баллистик пуужинтай, удахгүй бүр армид шинээр 60 пуужин нэмэгднэ гэж байгаа.
Цаашдаа 096 төслийг хэрэгжүүлж ийм том онгоц үйлдвэрлэх тусам пуужингийн тоо өсөн нэмэгдэх юм. Тэр хэрээр мөн пуужингуудаа боловсронгуй болгож байна. Хятадын тэнгисийн флот хүчирхэгжиж байгаа нь цаг тутамд мэдрэгдэх болсон бөгөөд хамгийн сүүлд Япон улстай маргаантай байгаа Синкаку арлын маргаанд усан цэргийн флотоо ашигласан юм. Хэдийгээр дайралт хийгээгүй ч гэсэн энэ үйлдэл нь тэнгисийн цэрэг бүрэн хүчин чадалтай болсон гэдгийг харуулсан хэрэг болов.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ