Ажлын хэсгүүд хуралдана
Өнөөдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулж байгаа Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 09.00-13.00 цагийн хооронд Төрийн ордны “Б” танхимд болно.
Мөн Хууль зүйн байнгын хорооны 15 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсэг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай 09.00 цагаас танилцах бол “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг 15.00 цагаас Төрийн ордны “В” танхимд хуралдана.
Харин Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд хуралдах бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд хуралдах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ