Хан-Уулын ИТХ-ын дарга хууль бусаар 18 хүнийг ажлаас нь халжээ
Хан-Уул дүүрэгт ажиллаж байгаад хууль бусаар ажлаасаа халагдсан хүмүүсийн зарим төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа. Тэд энэхүү хууль бус үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг зохион байгуулсан гэв. Учир нь Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг нь дүүргийн АН-ын даргаар ажилладаг, МоАХ-ны фракцд харьяалагддаг гэнэ.
Тэдгээр МоАХ-ны гишүүд Д.Батбилэгийн болохгүй байгаа зүйлийг нь хэлснийхээ төлөө ажлаасаа халагджээ. ИТХ-ын даргын эсрэг явсан гэх нэрийдлээр өнөөдөр 18 хүн ажлаасаа халагдаад байгаа тухай хуралд оролцогчид хэлж байсан юм. Иймэрхүү байдал удаан хугацааны туршид үргэлжилж байгаа бөгөөд дүүргийнхээ АН-ын нэр хүндийг бодоод багагүй хугацаанд чимээгүй суусан ч хэлэхээс өөр аргагүй байдалд хүрээд буйгаа онцоллоо. Тэдний мэдэгдсэнээр Д.Батбилэг гэгч нь 2010 онд Хан-Уул дүүргийн ИТХ-ын хурлын даргаар сонгогдсон бөгөөд ёс зүйн хувьд доголдолтой нэгэн гэнэ. Тэрбээр өмнө нь ажлынхаа өрөөнд хүн зодон танхайрч байжээ. Хуралд оролцогчдын хэлж буйгаар Д.Батбилэг нь Засаг даргынхаа халаасанд явдаг хүүхэлдэй болсон аж. ИТХ-ын даргын албан тушаал Засаг даргаасаа дээгүүрт тавигддаг ч Хан-Уул дүүрэгт байдал эсрэгээрээ эргэжээ.
Хууль бусаар ажлаас халагдсан гэх Л.Хүрэлхадтай ярилцсан юм.
-Таны хувьд хаана ямар ажил эрхэлж байсан бэ?
-Би Хан-Уул дүүргийн МоАХ-нд нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2012 оны сонгуулийн дараагаар ажил аваад Хан-Уул дүүргийн Гэр бүл хөгжлийн төвд хүүхдийн хөгжил хамгаалалтын мэргэжилтэн хийж байсан. Миний хувьд санал болгосон ажлыг нь авсан. Нийгмийн сайн сайхны төлөө ажиллах ёстой хүн хувийн байр сууринаас хандаж байна. Манай хэлтэс нийтдээ есөн ажилтантай. Гэвч зөв бичгийн дүрэм болон албан бичиг хөтлөлт маш муу байсан. Үүнийг хэлэхээр "миний өөдөөс үг сөрлөө" хэмээн ажлаас халсан. Шаардлага хүлээж авдаггүй.
-Хэзээ ажлаасаа халагдсан бэ. Халах тушаал дээр ямар нэгэн үндэслэл байна уу?
-Би ажлаа хийгээд долоон сар болоод халагдсан. Халах үндэслэл нь тодорхой бус. Өнөөдөр ажлаас халагдсан хүмүүсийн тоо 18-аар тогтохгүй. Миний хувьд хуучин нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учир ажлаас халагдсан хүмүүстэй хамт энэ хуралд оролцож байна.
-Цаашид яах бодолтой байна?
-Миний хувьд ажлаас халсныг хууль бус гэж үзэж байгаа. Иймд холбогдох хуулийн байгууллагад нь хандсан байгаа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ