"Цалин, тэтгэврийг ямар аргачлалаар нэмэх нь төрийн нууцад хамаарахгүй"
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар тэд байр сууриа илэрхийллээ. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайдад асуулга хүргүүлж,цалин, тэтгэврийг Засгийн газраас ямар үе шаттайгаар нэмэх болсон талаарх мэдээллийг Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх байсан. Гэвч Засгийн газраас цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар хаалттай хэлэлцэх санал гаргасан учраас ийнхүү асуулгын хариуг хойшлуулаад байсан юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар энэ баасан гаригт Засгийн газрын цагаар хэлэлцэнэ. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг хэрхэн зохицуулах, ямар замаар, ямар үе шаттайгаар нэмэх аргачлалаа олон нийтэд тайлагнахыг Бие даагчдын зөвлөлөөс хэлж буй. Харин хэзээ нэмэх талаар нууцалж болно ямар аргачлалаар нэмэх нь төрийн нууцад хамаарах зүйл биш гэж бодож байна. Цагаан сарын баяр дөхсөн энэ үед өргөн хэрэглээний барааны зарим нь 33 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Бидэнд энэ талаар судалгаа, тооцоо бий. Их бага хэмжээгээр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байхад цалин,тэтгэвэр нэмэх талаар толорхой ойлголт алга байна. Тиймээс энэ баасан гаригт Засгийн газар тодорхой мэдээлэл өгөх байх гэж бодож байна" гэв.
УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы баасан гаригийн хуралдаанаар цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаархи УИХ-ын гишүүн С.Ганбаатарын асуулгад хариу өгөх юм байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ