"Алтны тухай хуулиа нэг тийш нь шийдвэрлэх шаардлагатай байна"
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан боллоо. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар гурван үндсэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, Засгийн газраас ойрд хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи мэдээллийг сонсож, өөрсдийн санал дүгнэлтийг тусгасан байна. Тэрээр "Энэ долоо хоногт анхаарал татажбайгаа хэд, хэдэн хуулиуд байгаа. Тухайлбал Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль байна. Энэ хуулинд Алтны тухай асуудлаа оруулж явъя гэдэг намуудын нэгдсэн байр сууринд очсон гэж ойлгогдож байгаа.
Газрын тухай хуулийн асуудал хоёр парламент дэмжиж орж ирсэн. Олон удаа хэлэлцүүлэг хийсэн хүнд хуулиудын нэг. Олон жил сунжруулдаг, улс төр хийдэг байдлыг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас энэ асуудлыг ойрын хугацаанд хэлэлцүүлээд төлөвлөгөөнд оруулсан нь зөв гэж үзэж байна" гэв. Энэ хуулинд санал нэгдэхгүй, маргаан дагуулсан нэг асуудал байгаа гэв. Энэ нь бэлчээртэй холбоотой асуудал аж. Бэлчээрийн асуудал тусгай хуулиар зохицуулагдаж байгаа гэв. Ингэснээр бэлчээрийн тухай ерөнхий ойлголтыг Газрын тухай хуулиндаа тусгаад, энэ хуулийг батлах нь зүйтэй гэж үзэж байгаа аж.
Мөн намрын чуулган хоёрдугаар сарын 10-нд хаалтаа хийх учиртай. Энэ хугацаанд "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого" батлагдсантай холбогдуулан уул, уурхай эрдэс баялгийн асуудлаа цэгцлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Тийм учраас Ашигт малтмалын тухай хуулиа батлах, Алтны тухай хуулиа нэг тийш нь шийдвэрлэх шаардлагатай байна гэв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ер нь уул уурхайн асуудал дээр улс төрийн намууд нэгдсэн байр суурь дээр очих хандлага руу явж байгаа нь сайн зүйл гэж үзэж байгаа. Одоо Монголын уул уурхайгаар улс төржихөө больцгооё гэдэг гишүүдийн саналыг дэмжих нь зүйтэй" гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ