"МАН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байна"
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, энэ долоо хоногт Байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудалд саналаа нэгтсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийв. Тэрбээр "Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дээр ашигт малтмалын ордууд, байгалийн баялгаа ирээдүй хойч үедээ нөөцлөх шаардлагатай байна гэдэг үүднээс манай бүлэг асуудалд хандсан. Тийм учраас Урт нэртэй хууль болон бусад тусгай хамгаалалттай газар нутаг ирээдүй хойч үед үлдэж байгаа гэдгийг онцолж хэлэх ёстой болов уу. Говь-Алтай аймагт сонгууль болоход Хатан суудал зэрэг ордуудыгхөндөхийг санаархан дархан цаазтай, тусгай хамгаалалтаас нь гаргахыг оролдлоо. Энэ ордуудыг хөндөхгүй байх байр сууриа хоёр намын бүлэг албан ёсоор тохирсон. УИХ дээр Газрын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулинд бэлчээрийг малчдад эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааг өмчлүүлэх, газар тариалангийн талбайг өмчлүүлэх, хот суурингийн газрыг гадаадын иргэдэд өмчлүүлэх, сертифекат олгох асуудал яригдаж байна. Эдгээр асуудлуудыг шийдэх гарц, суурь дэвсгэр гаргахын тулд Газрын тухай хуулийг яаравчлах аргаар эрх баригчид хандаж байна. МАН-ын бүлэгүүнийг судалж, иргэдийн саналыг сонсох нь зөв, бэлчээр эзэмших эрх зүйн орчин, цаг хугацаа болсон уу, өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн салбарыг өмчлүүлэх шаардлагатай юу, гадаадын иргэдэд сертифекатаар газрыг 60 жил, сунгаад 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх нь зөв үү гэдэг дээр иргэдийн санаа бодлыг хэлэлцэх нь зөв гэдэг байр суурьтай байна. НӨАТ-ын босгыг 50 сая болгоё гэсэн хуулийн төслийг эрх баригчид барьсан байгаа. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгийн гишүүд НӨАТ-ын босгыг 200 сая болгоё гэдэг хуулийн төсөл өнгөрсөн хавар өргөн барьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт малчдын тэтгэврийн насыг санаачлах хуулийн төслийг өргөн барихаар бэлдлээ. Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан.Эрх баригчид МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй хойш нь дарах, өөрсдийн санаачилсан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх байдлаар асуудалд хандаж байна. Цаашдаа энэ асуудлыг шийдэх үүднээс УИХ-д өргөн барьж байгаа хуулиудыг тодорхой дүрэмтэй болгоё, аль нэг эрх мэдэлтэн, дарга өөрийн үзэмжээр асуудалд хандахыг больё гэсэн байр сууринаас хуулийн төсөл боловсруулж байна. Дээрх асуудлыг МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ гэсэн юм.
Харин бүлгийн дэд дарга Д.Оюунхорол "Энэ долоо хоногт Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг нийгэм хүлээлттэй харж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч "Том төрөөс ухаалаг төр рүү" явах бодлогыг санаачлан өргөн барьсаныг МАН-ын бүлэг дэмжиж байгаа. Төрийн тогтолцоо гажигтай, эрх мэдлийн хуваарилалталдагдсан.Засгийн газар УИХ-ынхаа дээр гарсан. Монгол Улсын боловсон хүчний бодлого алдагдсан, хэдхэн хүнээр тойруулаад төр, засгийн ажил яваад байгааг манай бүлэг дэмжиж байгаа.Энэ асуудлыг 2016 оноос хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Харин МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сараас хэрэгүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Засгийн газрын хуулийг хэлэлцэж байхад сайд нар санал хураалтад оролцохгүй байх хэрэгтэй. Ерөнхий сайд УИХ-аас сонгогдож болно, бусад нь парламентаас гадна сонгогдоно гэсэн Ерөнхийлөгчийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа" гэв.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ