Ц.Элбэгдорж, Ш.Абэ нар утсаар ярив
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар 1 дүгээр сарын 17-ны өдөр утсаар ярилцаж, Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн явц болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Энэ нь хоёр орны төрийн тэргүүнүүдийн утсаар ярилцсан анхны тохиолдол юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны 9 дүгээр сард Токио хотоор дамжин өнгөрөх үеэр гэртээ хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлээд Монгол Японы харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн бүрэн утгаар урагшлан хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, ноён Ш.Абэгийн тэргүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлж буй эдийн засгийн идэвхтэй бодлого нь дэлхийн эдийн засаг төдийгүй, хоёр орны харилцаанд чухал нөлөө үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Өнгөрсөн 2013 онд Ерөнхий сайд нар харилцан айлчлал хийж, “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” байгуулсан нь хоёр орны харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсоныг Ерөнхий сайд Ш.Абэ тэмдэглээд хөтөлбөрт тусгагдсаны дагуу японы хөрөнгийн зах зээлд “Самурай бонд” гаргах зэргээр олон төсөл хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Төрийн тэргүүнүүд олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр урьдын адил нягт хамтран ажиллахаа харилцан нотлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ