МАН-ын бүлгээс УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад " ...З.Энхболд Таныг хуулиар олгогдсон үүрэг, хариуцлагаа ухамсарлан парламентад шударга ёс, тэгш байдлыг бий болгох, сөрөг хүчний дуу хоолойг сонсдог, зөвшилцлийн уламжлалт тогтолцоог сэргээж, УИХ-ын байнгын хороодын дарга нарын ажлын хариуцлагыг өндөржүүлж, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг хооронд нь хагаралдуулж биш эвлэрүүлж, хүч түрэмгийлж биш зөвшилцөж, гишүүдийг ялгаварлан гадуурхаж биш харилцан бие биеэ хүндэтгэж, зөвхөн алх цохиж, цаг бүртгэж биш Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хуулийн дагуу өндөр ёс зүйтэй хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, дараах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна" гэжээ.

Ингэхдээ нэгдүгээрт, Хурууны хээгээр бүртгэх тухай асуудлыг өнгөрсөн жил нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хурууны хээгээр санал өгдөг болох хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлж шийдвэрлэх, хоёрдугаарт, УИХ-ын гишүүдэд тэгш хүндэтгэлтэй хандаж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг олонхийн гишүүдтэй адил хувь тэнцүүлэн Байнгын хороодод тэгш хуваарилах асуудлыг яаралтай хэлэлцүүлж шийдвэрлэх; гуравдугаарт, УИХ-ын Байнгын хороодын үйл ажиллагааг сайжруулах, тэдгээрийн дарга нарын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлгээс шаардаж байгааг энэхүү албан тоотод онцоллоо.

Б.Тэмүүлэн




СЭТГЭГДЭЛ БИЧИХ