Санал хураалтын системийг ТЕГ-аас шалгажээ

УИХ дахь МАН-ын бүлгээс санал хураах систем, микрофоны ажиллагаатай холбогдсон асуудлаар Тагнуулын ерөнхий газрын даргад хандан албан тоот илгээж, төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлыг шалган тогтоож өгөхийг хүссэний дагуу Тагнуулын ерөнхий газраас УИХ-ын чуулганы танхимын санал хураалтын систем, микрофоны хэвийн ажиллагааг шалгаж дүгнэлт гаргасан байна.

Тагнуулын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнээс бүрдсэн бүрэлдэхүүн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 40 минутаас 17 цаг 40 минутын хооронд дараах ажлыг гүйцэтгэсэн тухайгаа уг дүгнэлтэд дурджээ.

Үүнд:

1.УИХ-ын чуулганы техникийн өрөөний кабель шугамын холболтууд гаднаас орж ирсэн кабель шугамд интернэтийн шугам байгаа эсэхийг шалгахад илрээгүй.

2.УИХ-ын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн референт П.Батбаатараас санал хураалтын системийн бүтэц зохион байгуулалт, тоног төөхөрөмж, програм хангамжийн талаар танилцуулга хийлгэж, хэвийн ажиллагааг шалгахад физик байдлаар ямар нэгэн сэжигтэй холболт илрээгүй.

3.УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, С.Бямбацогт нарын картаар санал хураалт хийж үзэхэд систем хэвийн ажиллаж байв. Санал хураалтын үр дүнг мэдээллийн сантай тулгахад таарч байсан.

4.УИХ-ын чуулганы танхимд 16 цаг 20 минутаас 16 цаг 40 минутын хооронд УИХ-ын Тамгын газрын ажилтнууд хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй хамтран санал хураалтын системийг шалгах явцад хяналт тавьж ажилласан болно. Санал хураалтын систем хэвийн ажиллаж байсан.

5.УИХ-ын чуулганы санал хураалтын систем анх суурилуулсан “Топика” компанийн инженерүүдтэй уулзаж, програм хангамжийн сүүлд хийгдсэн шинэчлэлтийн талаар тодруулахад УИХ-ын гишүүдийн хурууны хээг бүртгэж системийг эхлүүлэх шинэчлэлт хийснээс өөр зүйл хийгдээгүй гэсэн тайлбар өгсөн. Санал хураалтын програмын сүүлчийн шинэчлэлтийг сервер дээрээс шалгахад 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 00 цаг 32 минутад шинэчлэлт хийгдсэн нь тогтоогдсон болно.

6.УИХ-ын гишүүн С.Бямбацогтын шатсан гэх микрофоныг задалж схем, чип бүр дээр хэмжилт хийж үзэхэд CD4066B маркийн аудио сэлгэн залгалт хийдэг чип статик цэнэгийн улмаас шатаж, микрофоны яриа гадагшаа гарахгүй болсон байна. Бусад зориулалтын схем техник болон чипийн ажиллагаа хэвийн байсан.

Дүгнэлт:
УИХ-ын чуулганы танхимын санал хураалтын системийг шалгах явцад хэвийн ажиллаж байсан болно.

УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан хүсэлтийн дагуу Тагнуулын ерөнхий газар холбогдох асуудлыг шалгасан тухай дүгнэлтээ ирүүлсэн, мөн МАН-ын бүлгээс 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үед авсан завсарлага нь тухайн өдөр хэлэлцэхээр төлөвлөсөн 13 асуудалд хамааралтай тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14 цагаас товлогдож Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэхээр болсон байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ