Алдарт аполло театр тоглолтын үеэр нуржээ
Лондоны алдарт аполло театрт тоглолт болж байх үеэр тааз нь нурж 75 хүн гэмтэж бэртжээ. Тэдгээр гэмтэл авсан хүмүүсийн долоо нь нэлээд хүндхэн гэмтэж эмнэлэгт хүргэгэдсэн байна. Гэмтэж бэртсэн хүмүүсийн дотор жүжигчид ч байгаа гэнэ.
Барилгыг бүхэлд нь цагдаагийн хамгаалалтад авсан байна. Нуралт оройн 20:15 цагийн үед гарчээ. Гэмтэж бэртсэн болон барилга нурахыг харсан гэрчүүд “Эхлээд их сонин чимээ гарсан, дараагаар нь л гэнэт тааз нураад ороод ирсэн” гэв. Тоглолтын дундуур нэг жүжигчин нь болгоомжтой байхыг сануулан орилах үед хүмүүс тоглолтын нэг хэсэг гэж бодон суудалдаа суусаар байсан нь ийнхүү олон хүн гэмтэх шалтгаан болсон аж. Барилгад тухайн үед 720 гаруй хүн байсан гэнэ.
Ослын үеэр Лондоны онцгой байдлын албаныхан нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ирж ажилласан байна. Одоогоор чухам ямар шалтгаанаар барилгын тааз нурсан эсэх нь нарийн тодорхой болоогүй байгаа. Гэсэн ч Лондоны ихэнх барилгууд хуучирсан учир ийнхүү нурсан хэмээн таамаглаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ