Ц.Оюундарь: Хов яригсдаас сэргийлж орон нутагт ажиллаж байна
Өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Г.Баянмөнхийг Ардчилсан намаас хөөсөн гэх цацагдсан. Түүнийг МАН-ынханд тал засч Засаг даргын орлогч болсон, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын тамгыг хуурамчаар барьсан гэж үзэж байгаа юм. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь нийслэлийн Цагдаагийн газарт аравдугаар сарын 14-нд захидал илгээж, “Ардчилсан намын дүрмийн дагуу Дархан-Уул аймгийн намын хороог эрх зүйн чадамжгүйд тооцож байгаа тул тус аймгийн намын хорооны УХ31791 дугаартай тамгыг хүчингүй болгож өгнө үү” хэмээн хандсан байна. Мөн Дархан-Уул аймгийн АН-ынхан намынхаа ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг огцрохыг шаардан, АН-ын төв байран дээр жагсаал хийсэн. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Дархан-Уул аймагт ажиллаж байгаа аж. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "хотод ирж худлаа хов яригсдаас сэргийлж орон нутгийн намын асуудлыг тэнд нь очиж зөвшилцдөг жишиг тогтоох гэж хичээж байна" гэжээ.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ