Давхар нүүдэл

“Ринчиннямын хүүг та нар бага хүнээр бодоо юу. Улстөрч болгоны үхэн хатан зүтгэдэг суудлаас зүгээр ч нэг буучихна гэж бодоо юу та нар”.

Айсуй өдрүүдийн нэгэнд Р.Амаржаргал гишүүний өргөдлийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэхэд тэрээр ийнхүү доогтойхон жуумалзах бизээ.

Р.Амаржаргал тун ч холын бодолтой улстөрч аж. Түүний суудлаасаа татгалзсан өргөдлийг намын удирдлагууд нь хүлээн авахаас татгалзахад гишүүний суудал нүдэнд нь харагдаж, гарт нь баригдах шахагсад бухимдсандаа шээс нь гоожихоо шахаа болов уу.

{---left---}Угтаа нэг нүүдлийн цаадхыг тааж мөрөөдөгчдийн дэргэд Р.Амаржаргал нэлээд хэдэн жилийн тэртээг харж нүүснийг цаг хугацаа тайлах биз.

Нэр дэвших аргаа л олж чадвал 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас сойх түүнээс өөр чансаатай хүн байхгүйг тэр тооцсон нь лавтай.

Н.Алтанхуяг тэр хүртэл ямар зам туулаа ч билээ, Э.Бат-Үүл амласан бүх амлалтаа биелүүлж амжвал магадгүй л юм. Одоогийн ерөнхийлөгч маань улс орондоо байтугай дэлхий дахинд нэр хүнд өндөртэй хэдий ч дахин нэр дэвших боломжгүй.

Тэгэхээр АН-ын бусад лидерүүдээс хэн нь ч Р.Амаржаргалд ойртож очихгүй. Тиймээс ч тэр болтол гар, нэр хоёроо цэвэрхэн байлгахыг хүссэн ч юм билүү.

{!!!right!!!}Хэвлэлүүдээр, төрийн ордны хонгилоор Н.Алтанхуягийн гар өөрт нь хэтэрхий тэнэгэр биш байсны улмаас бухимдаж, ганцаардсан Р.Амаржаргал нэгэнт зангидсан өсөө Ардчилсан намд иймэрхүү аргаар л тайлах нь хэмээн жиргэцгээх. Маш муухан таамаг.

Чуулганы танхимд намын нөхдөө хурц, жинтэй үгээр шүүмжилж чаддаг Ж.Батзандан, Р.Амаржаргал нарын цөөхөн шударга гишүүд энэ намд олигархиудын нөгөө талын туухайд жин дарж явдаг. Р.Амаржаргал намын даргадаа нүд үзүүрлэгдсэн ч цаашаа хэмээн түлхэж чадахгүй байгаагийн учир энэ. Гайгүй ганцыгаа тавиад туучихвал ард түмний нүдэнд юу болж харагдахыгаа ч Н.Алтанхуяг мэдэж байгаа.

Тэгэхээр энэ мөчид УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзаж чадах зангарагтай улстөрч гэдгээ харуулсан Р.Амаржаргалын нүүдэл алсыг харангаа, өрсөлдөгчөө буланд шахаж чадлаа.

Гишүүнээсээ татгалзах шийдвэртээ тэр үнэнч үлдвэл оронд нь санаархан хэвлэлүүдээр нэр нь цацагдаад байгаа арваад улстөрчийн аз болно.

Гэсэн ч дээр өгүүлсэнчлэн нэг нүүдлийн цаадхыг харсан тэдний дэргэд Р.Амаржаргал хожно уу гэхээс хохирохгүй, харин ч АН эрх мэдэл, албан тушаалын төлөө хавиргаа хазагсад, хүйгээ таслагчид болон үлдэх юм.

Саяхан Ерөнхийлөгч маань “Том төр”-ийн үзэл бодлоо илэрхийлж Засгийн газар, УИХ-ыг ёстой л залуусын ярьдгаар “пять нойлдсон” билээ.

Тэнд дурдагдсан гишүүн хүн сайд байх ёсгүй тухай санаа биеллээ олбол Н.Алтанхуяг тэргүүтнүүд гишүүнээсээ больж сайд болох уу дээрээ тулна.

Ийм үед нийтлэлийн баатар шиг гишүүний гуншингаас салж, улстөрд хатаагдсан болд олдохгүй болох вий. Үүнийг ч бас тэрээр тооцсон ч юм билүү.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ