"УИХ-д шүүмжилсэн байр сууринаас хандахаар л хөндөөд байна
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн долоо хоногт 2014 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Таны хувьд ирэх төсвийг ямархуу төсөв болсон гэж дүгнэж байна вэ?
-2014 оны төсөв олигтой төсөв болоогүй. Яагаад гэвэл энэхүү төсвөөс харахад Засгийн газрын нэгдсэн бодлого алга байна. Олон газар салгаж хийсэн учир дотроо зөрчилтэй алдаатай зүйл олон байна. Хоёрдугаарт, өдөр ирэх тусам өсч байгаа валютын ханшийг 1384 төгрөгөөр тусгасан. Гэтэл өнөөдөр 1760 гарсан байна. 380 төгрөгийн зөрүү үүсээд байгаа. Зөвхөн ам.доллар дээр ийм том алдаа гаргаж байхад бусад зүйл дээр алдаа гараагүй, эсвэл худлаа тооцоогүй гэдэг баталгаа алга байна. Цалин тэтгэвэр тэтгэмж дээр манай намын бүлгийн зүгээс хангалттай бус байгаа. Яагаад гэвэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхтэй үнийн өсөлттэй уялдуулна гэсэн байгаа. 2013 онд цалин тэтгэвэр тэтгэмж нэмээгүй. Гэтэл үнийн өсөлт 14 хувьтай байна. Ирэх жил мөн л 14 хувьтай байх нь харагдаж байна. Үнийн өсөлттэй уялдуулан цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хангалттай төсвийг улсын төсөвт тусгасангүй.
{!!!left!!!}Дараагийн нэг асуудал бол нэлээд олон хөрөнгө оруулалтыг царцаалаа. Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад нэг жил өнгөрч байна. Энэ хугацаанд үнэхээр болохгүй байсан бол царцаах хэрэгтэй байсан. Хийх ёстой төсөвт өртөгийн нь дахин хянах, шалгах бүрэн боломж, цаг хугацаа Засгийн газарт байсан. Гэтэл хөрөнгө оруулалтаа дөнгөж 30 хувьтай биелүүлчихээд түүнийг саармагжуулахын тулд энэ төсөв болохгүй байна, авлигажсан төсөв боллоо хэмээн хэлж байна. МАН-ын бүлгээс объёкт тус бүрээр нь шалга гэж хэлсэн.
-Танай намын бүлгээс өгсөн санаа санаачилга хэр туссан бэ?
-Зөндөө олон хөрөнгө оруулалтууд байсан. Түүнийг хасч чадсан. Яагаад гэвэл ихэвчлэн төр захиргааны байгууллагын сандал ширээний шинэчлэл зэрэг түлхүү төрийн тансаглалын хөрөнгө оруулалтыг хассан. Хөрөнгө оруулалтыг сургууль, цэцэрлэг болон дэд бүтцэд зарцуулах ёстой. Ардчилсан намын бүлэг хамтарч дэмжиж хийсэн. Засгийн газраас оруулж ирсэн төсвөөс 170 орчим тэрбум төгрөгийг хасаад түүнийг чухал шаардлагатай салбарт зарцуулж чадсаныг дэвшил гэж үзэж байгаа. Мөн өрийн босгыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулинд ДНБ 40 байна гэж заасан байсныг 60 болгон гэж оруулж ирсэнийг эсэргүүцсэн. Хэвлэлийн мэдээллийн байгууллагынхан бодит үнэнийг ард түмэнд хүргэж чадсан учир нийгмийн сэтгэлзүйг эх баригч нам дагаж, бууж өгсөн байх гэж бодож байна. Зээл бүхнийг буруу гэж хэлэхгүй байгаа. Зээл аваад юу хийх вэ, түүнийг яаж хэрэгжүүлэхээ тодорхой болгосон цагт дэмжинэ.Мөнгө авчихаад юунд зарцуулах вэ гэж явдаг буруу хандлага байна. "Чингис" бонд шиг мөнгөө авчихаад сүүлд нь юунд зарцуулах вэ гэж болохгүй. Ийм буруу хандлага дахиад илрэх гэж байсан учир бид хатуу байр суурьтай байсан.
-Таны хувьд ирэх онд тойрогтоо ямар хөрөнгө оруулалтыг тусгав?
-Манай аймгийн хувьд хөдөө орон нутгаас нэлээд алслагдсан. Гар утасны хүрэлцээ дутуу байгаа газруудад хүргэх, сургууль цэцэрлэгийн хөрөнгө оруулалтууд байгаа. Гэвч зарим нь тэрхүү царцаах хөрөнгө оруулалтад багтсан. Хамгийн чухал нь Улаанбаатараас Улаангомын чиглэлд автозамын асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Тэр ч утгаараа ахиц дэвшил гарч байгаа.
-Увсын сонгуулийн асуудлаар Ардчилсан намаас СЕХ-нд хандсан байгаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ асуудалд бид олон удаа мэдэгдэл хийгээд байгаа. Нийтдээ дөрвөн удаагийн шүүх хурал болсон. Анхан шатны шүүх хурал Увс аймагт болж, Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрын талд шийдвэр нь гарсан. Тэд Захиргааны хэргийн давж заалдах шатны хандсан. Шийдвэр тэдний талд гарсан. Улсынг дээд шүүхэд бид хоёр хандаж, бидний талд шийдвэр гарсан. Тэд дахиад Дээд шүүхэд хандсан. Мөн л бид хоёрын талд шийдвэр гарсан. Дөрвөн удаагийн шүүх хурлын нэг нь Ардчилсан намынх, гурван бидний талд гарсан. Асуудал бол бүрэн байдлаар дууссан. Асуудал дууссан байхад сөхөж тавиад байгаа нь улс төр юм болов уу, УИХ-д шүүмжилсэн байр сууринаас хандахаар л хөндөөд байна. Хажуугаар нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр багахан доромжилвол зүгээр л байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ