Ж.Энхбаяр: Ч.Сайханбилэг тендер авах гэж оролдож байна
Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр Төрийн ордны "А" танхимд хуралдлаа. Хурлаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэлэлцсэн юм. Хилийн боомтын тухай хуулийн төсөл дээр гишүүд нэлээд маргалдлаа. Тухайлбал хилийн боомтыг Шадар сайдын харьяалалд байлгах уу, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалуулах уу гэдэг дээр хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
"Монгол Улсын бүхэл бүтэн хилийн боомттой холбоотой асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдэх ёсгүй. Үүнийг Ерөнхий сайд юм уу, Шадар сайд хариуцаад явах нь зөв. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Учир нь ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байна. Ч.Сайханбилэг олон тендер авах гэж оролдож байна" гэв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг
"Энэ асуудал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эдийн засгийн хөгжлийн яамны мэргэжилтнүүд үүн дээр судалгаа хийгээд ажиллаж байгаа. Ямар нэгэн эрх мэдэл булаацалдах гэсэн санаа байхгүй. Шадар сайд бидэнд "Наад ажлаа хүлээж авдаг юм болж сайн хариуцаж ажиллаарай" гэсэн.
Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар хилийн боомтын асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдэхээр болов.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ