Ерөнхий сайд нуман тулгуурт оров
Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаан халуухан уур амьсгалд өрнөлөө. Эрхэм гишүүд 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн төслийн тухай ид хэлэлцэж байна. Энэ оны төсвийн орлого 1,5 их наяд төгрөгөөр сох дутаж, хөрөнгө оруулалт 500 тэрбум төгрөгөөр тасарчээ.
Үүний хариуцлагыг Засгийн газарт тохож байгаа боловч Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөх засгийн өнгөнд Сангийн сайд Н.Хаянхярваагийн батлуулсан долоон их наяд 88 тэрбумын орлоготой, долоон их наяд 444 тэрбумын зарлагатай төсвөөс болсон хэмээн тайлбарлаж байна. Ялангуяа түүний авлигажсан төсөв гэсэн үг МАН-ын гишүүдийг зарсхийлгэв.
Ерөнхий сайд үүнийгээ баталж, улсын төсвөөс санхүүжижбайгаа 80 хүүхдийн дотуур байрны зардал 800 саяас 1,1 тэрбум болтлоо өссөн байхад “МАК” компани 350 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байрыг 1,5 тэрбумаар барьжээ. Эдгээр жишээнээс харахад төсвийн санхүүжилт хэний халаасыг зузаалж байгаа нь ойлгомжтой гэсэн юм.
Мөн УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 89,8 хувийн саналаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Төв банкнаас өргөн барьсан энэ төсөлд ирэх оны төгсгөлд инфляцийг найман хувь болгох, энэ онд хэрэгжүүлсэн нефть бүтээгдэхүүн зэрэг зарим барааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тусгасан байна. Монголбанкны ерөнхийлөгч Г.Золжаргалын мэдэгдсэнээр тус хөтөлбөрт нийтдээ 600 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Засгийн газрын цагаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Үнэ тогтворжуулах" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, шатахууны худалдаа эрхлэгч 13 компанид арилжааны банкаар дамжуулан 192 тэрбум, нөөцийн мах бүрдүүлэхэд зориулжменежер компаниудад 87 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосны үр дүнд 2012 оны аравдугаар сараас 2013 оны долдугаар сарын хооронд махны дундаж үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс хоёр дахин бага байсан тухай онцолсныг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд амьдрал дээр бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнийг Засгийн газар хүлээн зөвшөөрөх ёстой гэж шүүмжилсэн төдийгүй лоозон барьж сууцгаан улмаар салбарын сайд нарын тайлбарыг сонсохгүй хэмээн чуулганы танхимыг орхиж гарлаа.
Энэ мэт шалтгаанаас 1,5 их наяд төгрөгөөр тасарсан энэ оны төсөвт тодотгол хийх асуудал төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Дээр нь эрхэм гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан, Г.Баярсайхан нар чуулганы танхимд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хатуухан шүүмжилсэн нь нэлээд шуугиан дэгдээв.
Харин АН-ын жигүүрийнхэн намын даргатайгаауулзалт хийж, МАН-ын их хурлын өмнө нам жим байна гэсэн сураг чих дэлсч байна. Яагаад гэвэл тэдний намын дүрэмд өөрчлөлт, ҮЗХ-ны ротацийн сонгуулийн журамд салхи оруулах тухай асуудал нь МАН-ын шинэчлэгчдэд шинэ санаа авахуулж магадгүй гэсэн бололтой. Хэдийгээр жигүүрийн удирдагч А.Мурат, Д.Нямхүү нар шинэчлэл ярьж байгаа ч хуучин албан тушаалаа санагалзсан байхыг үгүйсгэхгүй.
Эрх баригч АН-д ургасан жигүүрийн хажуугаар энэ сарын 27-29-ний өдөр болох МАН-ын XXVII их хурал нийгэмд анхаарал татаж байна. Их хуралд тус намын 200 мянга гаруй гишүүдээс сонгогдсон 1134 төлөөлөгч оролцож, намын мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөлт оруулах, түүнчлэн 2021 он хүртэлх монгол хүний хөгжил, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлох юм байна.
Гэхдээ МАН-ын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга хэн болох вэ гэдэг асуудал ихээхэн чухал гэдэг нь ойлгомжтой. Саяхнаас МАН-ын даргын суудлыг Ерөнхий сайдын суудалтай адилтгаж болно гэсэн явган яриа гарах болсон нь яавч санамсаргүй үг биш болов уу.
Ирэх арваннэгдүгээр сарын 17-нд болох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өмнө манай хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт дэд сайд нарын түвшинд боллоо.
Уулзалтаар Ази, Номхон далайн бүс нутагт хэрэгжүүлж буй манай гадаад бодлогын томоохон зорилт, тухайлбал, Зүүн Азийн Дээд хэмжээний уулзалтад нэгдэн орох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК-т элсэхэд БНСВУ-ын дэмжлэгийг авах асуудлаар санал солилцжээ.
Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид Оросын төмөр зам нээлттэй хувьцаат компанийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов болон ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд Цыденов Алексей Самбуевич нартай уулзлаа.
Эрхэм гишүүн Г.Батхүү Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлт, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугам, тээврийн ложистикийн сүлжээ байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан хийж хэрэгжүүлж буй зарим ажлаас нь танилцуулж санал солилцсон байна. Уулзалтад УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Цолмон, гишүүн Н.Батцэрэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, Төмөр замын холбооны дарга Л.Пүрэвбаатар нар байлцжээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газрын санал, дүгнэлтийн тухай, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол Төрийн ордонд 11 дэх жилдээ болж, 16 нас хүрч залуус иргэний үнэмлэхээ гардан авлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдэнд хүүхэд насаа ардаа үлдээж, эрч хүчтэй, ихийг бүтээж цогцлоодог настайгаа золгож байгаа та нариргэний эрх, үүргээ нэр төртэй авч яваарай хэмээн захиж хэллээ.
Г.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ