Цалингаа нэмүүлж, амармаар байна ш тээ
Ангийнхан дотроо Су.Батболд юм үзэж, нүд тайлснаараа толгой цохих нэгэн. Гэсэн ч түүнд мөнгө их хэрэгтэй байна. Яг тав хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр сарын сая төгрөгийн цалингаа нэмүүлэхийг хүсэв. Цалингаараа амьдардаг гишүүдийн хувьд сая төгрөг хаанаа ч хүрэлцдэггүй гэнэ. Ямар авлига нэхэж байгаа биш, болохгүй нь ч юу байхав. Аягүй бол “хэцүү ангийнхан” наанаа нэрэлхэж, цаанаа уухайн тас дэмжиж ч юуны магад. Тэгвэл хадгаламжиндаа хав дарсан 100 сая гаруй төгрөг дээрээ бошийгоод л явчихна. 2006 онд зургаахан толгой адуутай байсан бол өнгөрсөн жил 140-д хүрч, дээр нь хурдан удмын 22 морьдтойг тооцвол алдарт уяачийн сүрэг азарга азаргаараа өсч байгаа.
Эрхмүүдийн 2009 онд баталсан нэг сайхан алтан боломж байдаг. Тэр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлдэг есдүгээр сарын 16-ны өдөр спикертээ нэгэн хуулийн төсөл өргөн барьж амжсан юм. Адуучин аавын хүүгийн бодлоор дэлхийн олон улс оронд үндэсний уламжлалт баяраа их төлөв гурав хоног тэмдэглэдэг ажээ. Гэтэл өргөн уудам нутагтай монголчууд ураг төрлөөрөө төрт ёсоо хүндэтгэж, монгол ёс жудгаа хадгалахын тулд цагаан сарын баяраар бүтэн гурав хоног шинэлэхгүй бол болохгүй гэнэ. Тиймээс бүх нийтээрээ гурван өдөр амрах тухай Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьсан нь тэр буюу. Шанд нь 20 сая төгрөг.
2002 оны нөхөн сонгуулиас хойш парламентын дөрөв дэх ангидаа алгасалгүй сууж буй ахмад сурагч Су.Батболд уг хуулийн төслийг ганцаараа боловсруулсан учраас ажлын хөлс 20 сая төгрөгөө хуулийн дагуу авах нь гарцаагүй. Энэ журам 2009 онд анх батлагдахад эрхэм гишүүн асан Ж.Сүхбаатар мэргэжлийн хуульчийн хувьд дэмжиж байна гээд УИХ-ын гишүүний үндсэн ажлын нэг бол хууль тогтоох өргөн хүрээтэй үйл ажиллагаа. Энэ дотор хууль боловсруулах ажил багтана. Хууль боловсруулахын тулд түүнийг судална. Дараа нь төсөл санаачилна, санаачилсан төслийг парламентаар хэлэлцүүлнэ, хэлэлцсэний эцэст хуулийг батална. Баталснаа хэвлэлд нийтлүүлж, олон түмэнд сурталчлах учраас улсаас 20 сая төгрөг гаргах нь зөв гэсэн байдаг. Тэр үеэр бас цалингаа ч нэмсэн.
Ангийн дарга аа. Цалингаа нэмүүлж, цагаан сараар гурав хоног амармаар байна ш тээ.
Ааяа доктор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ