Ажлаа хийхгүйгээр төсвийн мөнгөөр гадаадад суралцаж байна
Ард түмний дуу хоолой болж ажиллана хэмээн ам хуурайгүй ярьсан нөхдүүд алба ажил нь амжилттай болонгуут мартдаг муухай монгол зан манайханд байна. Сонгогчдын саналыг худалдаж нэг авна. Хуурч бас нэг авна. Энэ бол төрийн өндөр албанд шургах гэсэн хүмүүсийн хийдэг зүйл.
Ажил үүргээ авсан даруйдаа гадаад орныг зорьж, бас болоогүй ээ төсвийн мөнгөнөөс “шимж” суугаа нөхдүүд байна. Түүний нэг бол Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ядамжав. Тэрбээр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнийн хамт 16-р тойргоос сонгогдсон бөгөөд ажил үүргээ авсан даруйдаа АНУ-д зургаан сарын хугацаатайгаар суралцахаар явжээ. Тэрбээр магистрт суралцахаар явсан бөгөөд нэг сар хэлний бэлтгэлд суралцаад үргэлжлүүлээд таван сар магистр хамгаалахаар явжээ. Тавхан сарын хугацаанд магистр хамгаалдаг тийм боловсролын тогтолцоотой улс АНУ биш байх аа. Уншигч таны санаанд ч буухгүй байгаа биз.
Гэхдээ тэрбээр төлөөлөгчийн ажлаа хийхгүй мөртлөө төсвийн мөнгөнөөс таван сая төгрөг авч суралцаж байна. ИТХ-ын төлөөлөгчдөд төсвийн мөнгөнөөс тойрогтоо зарцуул хэмээн улиралд таван сая төгрөгийг олгодог. Гэтэл тэрбээр зургаан сарын турш гадаадад суралцаж байхдаа тойрогтоо ажиллахгүй мөртлөө урамшууллаа авдаг аж. Энэ талаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын албанаас тодруулахад “Д.Ядамжав төлөөлөгчийн хувьд зургаан сар сурахаар АНУ руу явсан. Гэхдээ тойргийн ажил нь цалгардахгүй. Учир нь тэрбээр ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэтэй хамт нэг тойргоос сонгогдсон. Иймд түүний ажлыг Д.Бат-Эрдэнэ дарга гүйцэтгэж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм. 16-р тойргийн ажлыг Д.Бат-Эрдэнэ дарга л хийх байсан юм бол төсвийн мөнгийг дэмий зүйлд зарцуулж энэ мэтчилэн хэн нэгнийг халаас руу түнтийлгэх шаардлага байхгүй байх аа.
Түүний хувьд төлөөлөгчийн ажлаа өгөх ёстой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13.1.2-д зааснаар хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан байх ёстой гэсэн заалт байдаг. Гадаадад суралцах нь хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогддог.
Үүнээс гадна Иргэний бүртгэлийн тухай хуулийн 25.1-д Иргэн байнга оршин сууж байгаа засаг захиргааны нэг нэгжээсээ нөгөөд 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухыг бүрмөсөн шилжин суурьших, 180 хоног ба түүнээс доош хугацаагаар оршин суухыг түр шилжин суурьших гэнэ гэж заасан байдаг. Түүний хувьд зургаан сараар суралцахаар явсан гэсэн тайлбарыг өгч байгаа ч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13.1.5-д заасанчлан тухайн орон нутгаас шилжсэн бол ажлаа өгөх ёстой. Мөн тус хуулийн 14.2-д Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэдгээрт Тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана хэмээн заасан байдаг. Гэтэл АНУ-д суралцаж байгаа тэрбээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй учир төсвийн мөнгөнөөс олгож байгаа таван сая төгрөгийн ч хүртэл өгөх ёсгүй болж байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 23.3.2-д гурван сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон бол ажлаа өгөх ёстой гэж заасан байдаг.
Энэ мэтчилэн хуулиа чанд сахин хэмээн андгай тангараг өргөсөн тэрбээр хуулиа хүндэтгээд ажлаа өгөх нь зүйн хэрэг байх аа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ