Кудрин Орост хямрал нүүрлэж байгааг сануулав

Оросын эдийн засагт бий болсон нөхцөл байдал хямрал болж даамжирч мэднэ гэж Оросын Сангийн сайд асан, Иргэний санаачлагын хорооны дарга Алексей Кудрин үзэж байна.

“Өсөлт тэг хурдацтай гарч, хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй байгаа нь хямралын шинж болов уу. Одоогоор энэ нь яг ч хямрал биш. Гэхдээ гадаад нөхцөл байдал эвгүйтвэл, энэ нь хямрал болж болох юм” гэж Кудрин олон улсын мэтгэлцээний “Валдай” клубийн үйл ажиллагааны завсарлагааны үеэр хэлснийг хэвлэлд дурджээ.

Улс орны хөрөнгө оруулалтын байдлыг өөрчлөх хэрэгтэй гэж Сангийн экс сайд үзэж байна.

“Бид хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл бүрдүүлж өгсөнгүй. Асуудал зөвхөн мөнгө зарцуулахад байгаа юм биш. Хувийн хөрөнгө оруулагчид ахиухан мөнгө гаргах ёстой. Тэдний хувьд эдийн засаг болон уур амьсгал ойлгомжтой, урьдчилан тааж болохүйц байх ёстой. Энэ үйл явц хэдэн жил сунжирна, ингэх нь нэгэнт ойлгомжтой юм” гэж Кудрин онцлон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ