Германы "оньсого" маргааш тайлагдана
Маргааш буюу ням гаригт Германы ирээдүйд томоохон өөрчлөлт орох эсэх нь шийдэгдэнэ. Германы ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс хамаарч бүс нутгийн эдийн засгийн асуудал ч яригдах учиртай. Европын орнууд / Их Британи, Франц, Испани, Грек/ сонгуулийн үр дүнг чих тавин хүлээж байгаа. Европчуудад нөлөөлөх нөлөө хамгийн өндөртэй сонгууль ч гэсэн тэд санал өгөхгүй учир германчуудын сонголтыг л хүлээх үлджээ. Энэ өдрүүдэд дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлэгдсэн Ангела Меркэлийн тухай яригдаж байгаа билээ.
Европын орнуудаас хамгийн хүчирхэг эдийн засагтай орон бол Герман. Европ дахиныг хамарсан эдийн засгийн хямрал явагдаж байхад Герман л тэдэнд "амь тариа" болсоор ирсэн учир эдийн засгийн үүднээсээ ч тэр тус улсыг удирдан жолоодох хүн хэн байх вэ гэдэг туйлийн чухал. Ангела Меркэл өнгөрсөн найман жилийн хугацаанд улсаа тун чадварлаг авч явсан. Түүний удирдагч чадвар, улс төрийн оновчтой сонголтуудыг дэлхий нийт шагшдаг ч тэр төлөв байдаг нэгэн.
Ангела Меркэлийн хувьд гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. Сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн цагаас хойш тэрбээр албан ёсоор зарласан мэтгэлцээнд нэг удаа орсноос биш хувиараа нэг ч хэвлэлд ярилцлага өгсөнгүй. Түүний энэ нам жим байдал чухам юуг илэрхийлж байгаа нь маргааш л тодорхой болно.
Харин түүний өрсөлдөгчийн хувьд Социал Димократ намаас нэр дэвшиж буй Пийр Штейнбрюк. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар ялах магадлал нэлээд өндөртэй байсан ч Меркелд "шороодсон". Энэ удаад харин тэрбээр даагаа нэхэхээр ирсэн нь тодорхой. Гэсэн ч түүний хүч дутах зүйлүүдтэй сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас хэд хэдэн удаа тулгарсан. Шууд мэтгэлцээнд ч давуу байж чадаагүй. Түүнчлэн Германы эдийн засаг дахин сэргэж эхэлсэн нь Ангела Меркэлийн нэр хүндийг улам өргөж эхэлсэн юм. Меркэлийн сурталчилгааны гол багана нь “Улсаа хямарлаас гаргаж, үндэстнээ цаашид хөгжүүлнэ” гэсэн үг байсан бөгөөд статистик судалгааны үр дүн сайн гарсан нь түүнд илгээсэн бэлэг гэлтэй байв.
Гэсэн ч сонгуулийн дүн ямар байхыг хэн ч мэдэхгүй. Германчууд өнөөдрийг хүртэл өөрсдийг нь чиглүүлж ирсэн хатагтайг сонгох уу эсвэл шинэ, эрэлхэг дуу хоолойг сонгох уу гэдэг "оньсого" маргааш тайлагдана.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ