О.Хангай аварга, Ц.Бямба-Отгон арслан нар ээлжит түрүүгээ хүртлээ
![](http://resource4.sodonsolution.org/bataar/image/2025/02/10/6y83lvdn0kddrtcd/О.Хангай аварга Ц.Бямба-Отгон арслан нар ээлжит түрүүгээ хүртлээ.jpg)
Өнгөрсөн амралтын өдрүүдээр хоёр ч томоохон барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН 100 ЖИЛИЙН ОЙД О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын тэргүүний Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, улсын начин Батаахүүгийн Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаан Бямба гаригт боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Харин дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Б.Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын заан С.Сүхбат нар шалгарлаа. Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Г.Бадрах, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Батсайхан нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг улсын харцага Б.Зоригтбаатарт, “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Б.Батсайханд, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатарт тус тус гардууллаа.
Тус барилдааны түрүү бөх 8.000.000, үзүүр бөх 4.000.000, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 2.000.000 төгрөгийн бай шагнал гардсан аж.
“БАЯНЗҮРХ ХАЙРХАНЫ ХИШИГ” БАРИЛДААНД Ц.БЯМБА-ОТГОН АРСЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2025.02.09/ боллоо. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. Харин наймд улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Я.Бумбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд гардуулсан бол түрүү бөх 6 сая, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ