Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-нд БНХАУ-д айлчилна.  Айлчлалын үеэр Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хийж, гэрээг баталгаажуулахаар болжээ. Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь уг гэрээнд гарын үсэг зурах аж.

Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээртэй холбоотой асуудал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого болон Эдийн засгийн байнгын хороогоор орж, Засгийн газарт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг хуулийн дагуу олгосон. Нэгдүгээрт, Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсэг хоорондын протоколд гарын үсэг зурахаар төлөвлөсөн байна. Энэ талаар Эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Хоёр улсын төрийн өмчийн компани хооронд "гурвыг цогцоор нь" буюу хамтдаа зурах гурван гэрээ бий. Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэсэн гурван асуудал зэрэг явагдана. Хоёр улсын Засгийн газрын хооронд хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажсаны дараа УИХ-аар уг хэлэлцээрийг соёрхон батлах дэгтэй" гэв.

 

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч амжилт хүсэж, захиа, даалгавар гардууллаа.Тэрбээр олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь залуучуудын хичээл зүтгэл, сурлага, хөдөлмөрөөс хамаарна гэдгийг хэллээ. Эрдэм номдоо шамдан суралцаж, олон улсын түвшинд өрсөлдөх боловсрол эзэмшин, эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 761 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Солонгос, Унгар, Литва, Энэтхэг, Вьетнам, Куба, Казакстан, Лаос гэсэн 19 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Тэтгэлэгт хөтөлбөр нь сум, хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дулаан хувцаслаарай
Өчигдөр 07 цаг 57 мин