Дональд Трампын бүрэн эрхийн эхний өдрөө гарын үсэг зурсан 11 захирамж
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирсэн эхний өдрөө Байдены үеийн Засгийн газрын шийдвэрүүдийг цуцлах, уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс АНУ-ыг гаргах зэрэг хэд хэдэн захирамжид гарын үсэг зурлаа. Трамп тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ эдгээр тушаалаа "Америкийг бүрэн сэргээнэ" гэж тодорхойлж байв.
1. АНУ-д төрсөн хүүхдэд иргэншил олгохыг хязгаарлалаа
Үндсэн хуульд заасан 14 дүгээр нэмэлт өөрчлөлтийн дагуу Америкийн нутаг дэвсгэр дээр төрсөн бүх хүн АНУ-ын иргэн болох эрхтэй байдаг. Тэгвэл Трампийн гарын үсэг зурсан шинэ захирамжийн хүрээнд хууль бус цагаачдын хүүхдүүд болон түр хугацааны визээр ирсэн эцэг, эхээс төрсөн хүүхдүүд энэ эрхэд хамрагдахгүй байхаар санал болгожээ.
Гэвч дээр дурдсан иргэншил олгох зарчим нь АНУ-ын Үндсэн хуульд тусгагдсан байдаг тул Ерөнхийлөгчийн зарлигаар цуцлах боломжгүй гэж шинжээчид үзэж байна.
2. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарлаа
Трамп АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) гаргах тушаалд гарын үсэг зурлаа. Тэрээр "ДЭМБ биднийг, Америкийг хууран мэхэлсэн. Цаашид ийм зүйл болохгүй" гэдгийг гарын үсэг зурах үеэрээ хэлжээ. Тэрээр ДЭМБ-ыг "Ковид-19" цар тахал болон бусад олон улсын эрүүл мэндийн асуудлуудыг үр дүнгүй зохицуулсан гэж буруутгадаг.
3. Мексикийн булангийн нэрийг өөрчлөх захирамж гаргав
Трамп Мексикийн булан, Аляскийн Денали уул хоёрын нэрийг өөрчлөх захирамж гаргасан. "Ерөнхийлөгч Трамп Засгийн газарт ухаалаг шийдвэр гаргаж, Америкийн соёл иргэншлийн тулгуур баганыг шинэчилж байна" гэж тус захирамжид дурджээ. Тэрээр Мексикийн буланг "Америкийн булан" гэж нэрлэх шийдвэр гаргасан тухайгаа энэ сарын эхээр хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ зарлаж байв. Мөн Аляскийн Денали уулыг “МакКинли уул” хэмээн дахин нэрлэхээр болсон байна. Анх 2015 онд Барак Обама Аляскийн уугуул ард түмний уламжлал, нутгийн оршин суугчдын хүсэлтийг хүндэтгэн үзээд тус уулын нэрийг Денали болгож байсан билээ. Эдгээр өөрчлөлт нь олон улсад хамааралгүй байх аж.
4. Цахилгаан тээврийн хэрэгслийн зорилтыг хүчингүй болголоо
Трамп Байдены Засгийн газрын 2030 он гэхэд шинэ автомашины тал хувийг цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилт бүхий захирамжийг хүчингүй болгов. Тэрээр "Хятад ямар ч хариуцлага хүлээхгүй бохирдуулж байхад бид өөрсдийн үйлдвэрлэлийг сүйтгэхгүй" гэж хэлсэн юм.
Түүнчлэн Байдены байгаль орчны хамгаалалтын бодлогыг хүчингүй болгох үйл ажиллагааныхаа хүрээнд автомашины бохирдлын стандартуудыг өөрчлөхөө мэдэгдсэн.
5. Холбооны ажилчдын ангиллыг өөрчилж, халах явцыг хялбарчлав
Энэхүү захирамжаар холбооны ажилчдын томилгооны ангиллыг өөрчлөн, халах явцыг илүү хялбар болгожээ. Барууны үзэл баримтлал бүхий “Төсөл 2025” төлөвлөгөөнд улс төрийн хувьд найдваргүй гэж үзсэн төрийн албан хаагчдыг халж, хуучин консерватив үзэлтэй хүмүүсээр солихыг уриалсан байсан юм.
6. Эрчим хүчний онц байдал зарлалаа
Трамп АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын түлшний үйлдвэрлэлийг дэмжих олон арга хэмжээнийхээ хүрээнд эрчим хүчний үндэсний онц байдал зарлалаа. Үүнд Аляскад өрөмдлөг хийх хязгаарлалтыг зогсоох, хийн экспортын түр зогсолтыг арилгах зэрэг арга хэмжээ багтжээ. Тус захирамж нь Трампын Засгийн газарт ашигт малтмалын түлшний дэд бүтцийг хөгжүүлэх зөвшөөрлийг түргэвчлэх боломж олгох аж.
7. Зөвхөн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрсөн бодлогоо зарлав
Трампын шинэ бодлогод “эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг албан ёсоор хүлээн зөвшөөрнө” гэж заажээ. Тэрээр "Агентлагууд хүйсээр ялгаварлан гадуурхахаас хамгаалсан хуулийг хэрэгжүүлэхдээ эрэгтэйчүүд эмэгтэй, эмэгтэйчүүд эрэгтэй байж болно гэж дүр эсгэхээ болино" гэжээ. Уг тушаал нь жендерийн баримжаа олгох тухай Байдены үеийн Засгийн газрын үйл ажиллагаатай зөрчилдөж байгаа юм.
8. TikTok-ийн хоригийг түр зогсоож байна
Трамп TikTok-ийн холбооны хоригийн хэрэгжилтийг дор хаяж 75 хоногоор хойшлуулах захирамжид гарын үсэг зурав. Тэрээр эхний бүрэн эрхийн хугацаандаа TikTok-ийг хориглохыг дэмждэг байсан ч энэ удаа тус платформ дээрх нэр хүнд нь өссөн зэрэг хүчин зүйлээс шалтгаалж байр сууриа өөрчилжээ.
9. Байдены үеийн 78 гүйцэтгэх арга хэмжээг цуцаллаа
Трамп Байдены үеийн гүйцэтгэх засаглалын 78 тушаалыг хүчингүй болгов. Үүнд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг устгах, ижил хүйстэн, трансжендер хүмүүсийн эсрэг ялгаварлан гадуурхалттай тэмцэх зорилготой олон арга хэмжээ багтсан байна.
10. Хилийн онц байдал зарлалаа
Трамп АНУ-ын өмнөд хил дээр онц байдал зарлах тухай зарлигт гарын үсэг зуржээ. "Хууль бусаар хилээр нэвтрэх бүх оролдлогыг зогсоож, олон сая цагаачдыг ирсэн газарт нь буцаах үйл ажиллагааг шуурхай эхлүүлнэ" гэж тангараг өргөх үеэрээ хэллээ.
11. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс гарлаа
Трамп АНУ-ыг 2015 оны Парисын хэлэлцээрээс гаргах шийдвэрт гарын үсэг зурсан юм. Тэрээр "Би шударга бус, нэг талыг барьсан Парисын уур амьсгалын хэлэлцээрээс шууд татгалзаж байна" гэж хэлжээ.
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ