Төгсбуянт зурхайн дагуу гуравдугаар сарын 1-нээс шинэлнэ
Гандантэгчэнлин хийдээс Цагаан сар хэдэнд болох талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдлын болон төр, нийгмийн зүтгэлтний мэндэлсэн өдрийг өнөөгийн цаг тоололд шилжүүлэн тогтоох асуудал байнга гарч байгааг харгалзан үзсэн байна. Иймд Монгол Улсын цаг тооны цаглабар бий болгох талаар холбогдох байгууллага, эрдэмтдийн санал, монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Боловсролын сайдад даалгасан байна.
Энэхүү даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар онолын бага хурал зохион байгуулж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо Монгол орны газар нутагт тохирсон. Монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ.
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Гавьяат багш Л.Бямбажаргал: Монголын Төгсбуянт зурхай сарны тооллыг 100 мянган жилд нэг удаа алдах өндөр нарийвчлалтай байна гэж тогтоогдсон. Судалгааны ажилд 2003 оны ханшаар 7 сая төгрөг гаргаж өгсөн. Даваанамжил “Цагаан сарын тухай” гээд дурсамж байдаг. Үүнд бид Манжийн эрхшээлд байхад төрийн хэрэг шар зурхайгаар явдаг. Ард түмний зан үйл бол Төгсбуянт зурхайн ёсоор явдаг. Зарим жил Төгсбуянт, шар зурхай хоёр зөрдөг байсан болохоор ноёд хоёр цагаалдаг байж. Тухайн үед амьдарч байсан хүн бичсэн гэдэг нь дийлэнх олонх нь бурхны шашинтай байсан учраас монголчууд Төгсбуянт зурхайн ёсоор цагаалдаг байсны нэг баталгаа. Нөгөө баталгаа нь Монголын Цагаан сар гэдэг үг 1911 оноос өмнө гарсан үг юм. Түүнчлэн, 1911 онд Азийн бүх орны жишгээр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж Төгсбуянт зурхайн ёсыг төрийн цаг тооны бичиг болгосон. Ардын хувьсгалын дараа ч Төгсбуянт зурхайгаа хэрэглэсээр ирсэн. Тодруулбал, 1921-1924 онд Төгсбуянт зурхайн ёсыг Монгол Улс төрийн хэрэгт хэрэглэж байж гэдэг түүхэн баримт, баталгаа бий. Жишээлбэл, "МАН-ын III хурал" гэсэн улаан ном байгаа. Үндсэн хуулиар оны цолыг Монгол Улсын гэж сольсноос өөр өөрчлөлт хийгээгүй.
Энэ жилийн Цагаан сараар шинийн нэгэн тасарч байгаа. Гэхдээ энэ бол анхны тохиолдол биш. 1925 оны шинийн нэгэн тасарсан чигээрээ архивд үлдсэн байдаг. Зурхайч Л.Тэрбиш гэдэг хүн дураараа шинийн 1-нийг таслаад байгаа юм биш. Тодруулбал, 1944 онд шинийн нэгэн тасарч, 1948 онд шинийн нэгэн давхцаж байсан. Тиймээс Цагаан сар гуравдугаар сарын 1-нд болно.
ШУА-ийн доктор, профессор, Гавьяат багш Х.Цоохүү: Би энэ төслийг санхүүжүүлж байсан. Аль зурхайгаар нь явах вэ гэдгийг олон түвшинд хэлэлцсэн. Монголын зурхайчид, эрдэмтэн судлаачид, Ерөнхийлөгчийн шашны зөвлөх оролцож байсан юм. Ер нь зөвшилцөлд хүрч, Төгсбуянтын зурхай нь үндэслэлтэй юм байна гэдэг дээр тохиролцсон. Энэ зурхай Монгол орны газар зүйн байршил, нар болон сарны хөдөлгөөн нарийн таардаг. Нэг хэсэг 20 гаруй жил ямар нэгэн хэл амгүйгээр Төгсбуянтын зурхайгаар явж ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд сар шинийн өдөр тасрах талаар ярьж байна. Тийм учраас 20 жилийн өмнө боловсруулсан судалгааг шинэчлэх шаардлагатай.
МБШТГТХ-ийн Дэд хамба, гавж С.Гантөмөр: Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монголын олон нэртэй эрдэмтэн судлаачдын олон жилийн зурхайн ёсыг гардуулж байгаад баяртай байна. Азийн олон оронд сарны тооллыг ашигладаг. Монголчууд Төгсбуянтын зурхайгаар ондоошиж, тусгаар тогтнолын бэлгэдлээ болгож байна. Сарны хоногийг тооцдог зурхайн ухаан 100 мянганы нэг хувьтай зөрдөг. Өөрөөр хэлбэл, 15 хоногийн нарийвчлалтай тооцоолдог. Заримдаа сар маш хурдан өнгөрдөг учраас сарны хоног тасарч, давхацлаа гэж ярьдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид, судалгаагаараа баталж байна.
Гандантэгчинлэн хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл: Цагаан сарын баяраар эцэг, эхдээ хүндэтгэл үзүүлдэг. Бурханы шашинд аз жаргалтай байхад эцэг, эхийгээ хайрлаж, ачийг нь санадаг байх ёстой. Мөн өвөг дээдэс нь буцаагаад хүүхэд багачууддаа хайр хишгээ хүртээдэг баяр. Бид өвлийн хүнд цагийг туулаад урин цагтай золгож байгаа баяр юм. Богд хаант улс байгуулагдаад Төгсбуянт зурхайг албан ёсоор хүлээн зөвшөөрч дагасан. Мөн шинэ Монголын төр 2002 онд Төгсбуянт зурхайг судлах судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Иймээс түүхэн болон шинжлэх ухааны талаасаа эргэлзээгүй нотлогдож байгаа он цагийн тооллоор бид цагаан сарын баяраа тэмдэглэх нь чухал юм. Монголчууд бидэнд өөр өөр үзэл, онол, байр суурьтай байх олон зүйл байгаа. Гэхдээ цагаан сарын баярыг талцахгүйгээр, хоорондоо маргалдах, мэтгэлцэхгүйгээр нэг судалгаа, дүн шинжилгээнд суурилж тэмдэглэх нь чухал. Ингээд Монголын нийт ард түмэндээ уриалж байна. Төгсбуянтын он цагийн тооллоор гуравдугаар сарын 1-нд цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Энэ жил шинийн 1 тасарсан нь эрдэмтэд болон уламжлалт зурхайн ухаанаар нотлогдож байгаа. Ирэх 100 жилийн хугацаанд 2 удаа шинийн 1 тасрахаар байна. Үүнийг санаандгүйгээр гаргаад ирсэн биш гэдгийг та бүхэн ойлгоорой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ