ЭС ЭНД ПИ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ “B+”, ТӨЛӨВИЙГ “ЭЕРЭГ” БОЛГОН АХИУЛАВ

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Эс Энд Пи агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+”, төлөвийг “Эерэг” болгож шинэчилснээ 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зарлав. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд:

  • Монгол Улсын эдийн засгийн өсөлт тус агентлагийн хүлээлтээс давж, цаашид ижил орлогын түвшинтэй бусад улс орнуудын дунджаас өндөр байхаар хүлээгдэж байна.
  • Нүүрс, зэсийн экспортын өсөлтийг дагаад төсвийн орлого нэмэгдэж, улмаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2024 онд харьцангуй өндөр буюу 6 хувьд хүрэх тооцоотой байна.
  • Түүнчлэн, экспортын өсөлт цаашид хадгалагдаж, урсгал дансны орлогыг нэмэгдүүлснээр гадаад секторын үзүүлэлтүүд сайжрах хүлээлттэй байна.
  • Иймд тус агентлагаас Монгол Улсын урт хугацаат зээлжих зэрэглэлийг “В+”, төлөвийг “Эерэг” болгон ахиулж, харин богино хугацаат зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээв.

Цаашид үнэлгээг дээшлүүлэх нөхцөл:

Монгол Улсын богино хугацаат гадаад цэвэр өр ба урсгал дансны орлогын харьцаа 50 хувиас бага түвшинд хүрэх, эсвэл Засгийн газрын цэвэр өрийн хэмжээ ДНБ-ий 30 хувиас бага түвшинд хүрч буурах зэргээр Монгол Улсын гадаад секторын болон төсвийн нөхцөл байдал сайжрах тохиолдолд Эс Энд Пи агентлагаас зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой байна. Гэвч уул уурхайн салбарын өсөлт үргэлжилж, Засгийн газар төсвийн хатуу (хэмнэлтийн) бодлого баримталснаар эдгээр нөхцөлүүд биелэх боломжтой юм.

Түүнчлэн, институцийн тогтолцоог сайжруулах, ялангуяа бодлогын урьдчилан таамаглах боломжтой байдал (predictability)-ыг нэмэгдүүлэх нь зээлжих зэрэглэлийг ахиулах хүчин зүйл болно.

Цаашид үнэлгээг бууруулах нөхцөл:

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөв муудаж, ижил зээлжих зэрэглэлийн түвшинтэй бусад орнуудын өсөлтөөс давахгүй болсон тохиолдолд зээлжих зэрэглэлийн төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилнэ. Энэ тохиолдолд төсвийн болон өрийн үзүүлэлтүүд муудахаар байна.

Институт ба эдийн засгийн байдал:

  • БНХАУ-ын хилийн хориг арилж, нүүрсний экспорт огцом нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх 2-3 жилийн хугацаанд өндөр гарах хүлээлттэй байна. Цаашид уул уурхайн салбарт орох гадаадын шууд хөрөнгө оруулалтууд нь өсөлтийг үргэлжлэн тэтгэхээр байна.
  • УИХ-ын сонгуулийн дараах улс төрийн тогтвортой байдал нь илүү үр дүнтэй бодлого хэрэгжүүлэхэд эергээр нөлөөлж гэж хүлээж байна.

Уян хатан байдал, үр дүнгийн үзүүлэлт:

  • Монгол Улсын төсвийн тэнцэл сайжрав. Ирэх жилүүдэд төсвийн зарлага төсвийн орлогоос давж, бага зэргийн алдагдалтай байхаар төсөөллөө.
  • Монгол Улс гадаад зах зээлээс хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл авах боломж нээлттэй байгаа нь гадаад өрийн өндөр түвшнээс үүдэлтэй зарим эрсдэлийг бууруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ