Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн УИХ-ын чуулганд хэлсэн үг

Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга, УИХ-ын гишүүд ээ!

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье.

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барилаа.

Цар тахлаас эхлэн геополитикийн хурцадмал байдлаар даамжирсан хүндрэлийг Монгол Улс амжилттай даван туулж, эдийн засаг, санхүүгийн зах зээл сүүлийн хоёр жилийн хугацаанд бүрэн сэргээд байна. Цаашид эдийн засагт гарч буй энэхүү эерэг үр дүнг бэхжүүлж, эдийн засгийн сэргэлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх нь чухал болж байна.

Дотоод эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, эдийн засаг эхний хагас жилд 5.6 хувиар өслөө. Цалин, тэтгэвэр зэрэг өрхийн орлогын өсөлтийг дагаад хувийн хэрэглээ тэлж, нийт эрэлтийг дэмжлээ.

  • Өнгөрсөн өвөл тохиосон зудын улмаас хөдөө аж ахуйн салбар эхний хагаст 26.7 хувиар агшсан хэдий ч, бусад салбарт өсөлтийн эрч сайн байна.
  • Уул уурхай, хөдөө аж ахуйгаас бусад салбарын үйлдвэрлэл эхний хагас жилд 10.3 хувиар өслөө.
  • Монголбанкны төсөөллөөр эдийн засгийн өсөлт энэ онд 5-6 хувьд хадгалагдаж, ирэх онд төсвийн тэлэх бодлого, Оюу толгойн үйлдвэрлэл эрчимжих зэрэг нөлөөгөөр эдийн засаг 7-8 хувиар өсөхөөр байна.

Инфляцыг бууруулж, эдийн засгийг тогтворжуулах зорилгоор авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгч, инфляц сүүлийн 5 сарын турш зорилтын орчимд тогтвортой хадгалагдлаа.

  • Дотоод эдийн засгийн идэвхжил нэмэгдэх, төсвийн төлөв сулрах, гадаад инфляц өсөх зэргээс шалтгаалан ирэх онд инфляц нэмэгдэх хэдий ч, зорилтын дээд интервалд хадгалагдах хүлээлттэй байна.
  • Ирэх оны төлөвлөсөн бүтээн байгуулалтуудыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх шаардлагатай байна. Дотоод эх үүсвэрээр санхүүжүүлэх нь эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэр алдагдах, төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханш, инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэйг дурдах нь зүйтэй.
  • Иймээс инфляцын зорилтыг хангахад мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлж, нийлүүлэлтийн доголдол үүсэхгүй байхад анхаарч ажиллах нь чухал болж байна.

Гадаад эрэлтийн таатай нөхцөл байдал үргэлжилж, экспортын орлого нэмэгдэж байна. Үүний үр дүнд гадаад валютын албан нөөц энэ оны 3-р сард түүхэн дээд түвшин болох 5.2 тэрбум ам.долларт хүрч өссөнөөр Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн үндсэн төлбөрөөс 50 хувийг төлж барагдууллаа. Төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцийн эерэг өөрчлөлтүүдээс шалтгаалан манай улсын зээлжих зэрэглэл B+ болж сайжирсны зэрэгцээ төгрөгийн ханш сүүлийн нэг жил гаруй хугацаанд тогтвортой байна.

Төлбөрийн тэнцлийн цаашдын төлөв нь эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын нөхцөл байдал, ирэх оны төсвийн төлөвөөс ихээхэн хамаарахаар байна.

  • Экспорт сайн байгаа хэдий ч, манай улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч, үл хөдлөх хөрөнгийн салбарын хүндрэл үргэлжлэхээр байна. Энэ нь манай экспортын зарим бүтээгдэхүүний үнэ буурахад нөлөөлөх хандлагатай байна.
  • Эдийн засгийн идэвхжил сайн үед төсвийн зардал огцом тэлж, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтууд эхлэхээр байгаа нь импорт, валютын төлбөртэй үйлчилгээний зардлыг тэлж, валютын нэмэлт гарах урсгалыг бий болгож, төлбөрийн тэнцлийг муутгах нөхцөлийг бүрдүүлж болзошгүй байна.
  • Иймд улсын санхүүгийн нөөц чадавхыг сулруулахгүй байхад онцгойлон анхаарсан макро бодлогын оновчтой хослолыг хэрэгжүүлж, аливаа хөгжлийн төслүүдийг эрэмбэлэн, боломжит гадаад эх үүсвэрт тулгуурлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл нь нам, тогтвортой инфляцын орчинг бүрдүүлэх, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүсэж болзошгүй сөрөг нөлөөг тодорхойлох, тогтвортой санхүүжилтийн дэд бүтцийг бэхжүүлэх, банк, санхүүгийн салбарт ирж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, төлбөрийн систем болон зээлийн мэдээллийн сангийн эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт онцгойлон анхаарлаа.

Тогтвортой, бага инфляц нь иргэдийн бодит орлогыг хамгаалж, эдийн засаг дахь тодорхой бус байдлыг бууруулж, тогтвортой өсөлтийг хангах суурь болдог. Монголбанк ирэх хоёр жилд инфляцыг 6 +/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулж, дунд хугацаанд буюу 2027 оноос зорилтыг 5 хувь болгож бууруулахад мөнгөний бодлогын үйл ажиллагааг чиглүүлэхээр тусгалаа. Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд Засгийн газрын дэмжлэг, төсвийн сахилга бат ихээхэн чухал үүрэгтэй байх болно.

Монголбанк сүүлийн хоёр жилд гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн зах зээлд нэвтрэх боломжийг нээж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Цаашид банкны салбарт хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж, хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарч ажиллана.

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий, түүний сөрөг нөлөөг бодитоор үүрч буй манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох чадавхаа нэмэгдүүлэх нь улам бүр чухал болж байна. Энэ хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нарийвчилсан тоон мэдээллийг цуглуулах, банкны салбарын уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн шинжилгээний аргачлалыг боловсруулах ажлыг эхлүүлнэ. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн банк, санхүүгийн салбарт үзүүлэх нөлөө, болзошгүй эрсдэлийг тодорхойлж, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ.

Төлбөрийн систем, зээлийн мэдээллийн үйлчилгээг техник, технологийн хурдтай хөгжилтэй нийцүүлэн сайжруулах, мөнгөний захын дэд бүтцийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх шаардлага бий болж байна. Иймээс ирэх онд холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, дотоодын мөнгөний захын хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллахаар зорьж байна.

Цаашид эдийн засагт гарч буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, эдийн засаг, санхүүгийн зах зээлийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Монголбанкны бодлого, үйл ажиллагаа эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бий болгоход чиглэнэ.

УИХ-ын дарга, УИХ-ын гишүүд ээ,

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж өгөхийг хүсье.                                                

Анхаарал тавьсанд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ