"Боомоор өвчилсөн 2 иргэний хаван бууж, биеийн байдал хэвийн болж байна"
Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багт боомын хүний өвчлөлийн хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал хөдөлгөөн нь удааширсан малыг төхөөрч, гаргаж чанан махыг нь идсэн гэх М, Т иргэнд боом өвчний шинж тэмдэг илэрсэн, боом өвчний сэжигтэй байж болзошгүй дуудлагыг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус аймаг дахь Зооноз авчин судлалын төвд ирсэн байна.
Тус дуудлагын дагуу хоёр иргэнээс сорьц авахад боом өвчнөөр өвдсөн болох нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан бөгөөд тэр даруй аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж.
Бид тус аймгийн Нэгдсэн эмнэлгээс тухайн хоёр иргэний биеийн байдал, тохиолдол нэмэгдэж ирсэн тухай тодруулахад " Тухайн хоёр иргэний хувьд анх эмнэлэгт ирэхдээ бие нь хөөж, хавагнасан байдалтай байсан. Одоогоор биеийн байдал хэвийн, хаван бууруулах болон бусад эмчилгээг хийж буй. Эмнэлгээс гарах хугацаа тодорхойгүй. Мөн тус өвчлөлөөр нэмэгдэж ирсэн хүн одоогоор байхгүй байна" хэмээсэн юм.
Тус өвчин гарсан бүс нутагт амьдардаг иргэн "Хөдөлгөөн нь удааширч, өнгө зүс нь доройтсон нэг малаа л гаргасан байсан. Малчид ер сайн малаа өөрсдийн хүнсэндээ хэрэглэдэггүй. Аль болох өнгөтэйгөө хүнд зараад, онд орохгүй гэснийгээ л гаргаж авдаг. Гэтэл энэ нь мал амьтан хийгээд хүнд хор уршигтай болохыг харж байгаа байх. Угтаа муудсан малаа гаргах бус, малаа тогтмол шинжлүүлж шаардлагатай вакцин эмчилгээнд хамруулж байх шаардлагатайг малчид ойлгоосой" гэв.
Өнөөдрийн байдлаар өвчин бүртгэгдсэн газарт хэсэгчилсэн хөл хорио тогтоосон байгаа бөгөөд Улаанбаатар хотоос Увс аймгийн Зүүнговь сум руу нарийвчилсан шинжилгээ, халдваргүйжүүлэлт хийхээр мэргэжлийн баг явсан дүр зурагтай байгаа юм.
Өвчний тухайд,
Боом өвчин нь арьс, тунгалгийн зангилаа болон дотор эрхтэнд шүүдэст цусархаг үрэвсэл бий болгож өвөрмөц хатги буюу үжил үүсгэдэг хурц хордлогот, нянгийн гаралтай цочмог халдварт өвчин юм.
Тархалт: Манай улсын уулт хээр, тал хээрийн чийглэг хар хүрэн хөрс бүхий бүс нутагт боомын байгалийн голомттой бөгөөд малын өвчлөлтэй уялдан хүний өвчлөл гарч байна. 1 хот 19 аймгийн 157 сум боомын голомттой.
Халдварын эх уурхай: Боом өвчнөөр өвчилсөн болон үхсэн мал, амьтны түүхий эд (мах, сүү, арьс, шир, ноос, ноолуур г.м), боомын нянгаар бохирлогдсон хөрс бууц, малын хэвтэр, усанд боомын нян хадгалагддаг.
Халдвар дамжих зам: Боомоор өвчилсөн, үхсэн мал, малын түүхий эд, хүүр сэг зэм, арьс шир, яс, үс ноос, халдварын бохирдолтой хөрснөөс халдвар авч хүн боомоор өвчилдөг. Боомын үүсгэгч гэмтсэн арьсаар дамжин хүний биед нэвтрэн орсноор арьсны хэлбэрийн өвчлөл үүсгэдэг нь үндсэн хэлбэр болдог.
Хүний өвчлөл дараах эмнэлзүйн хэлбэрээр илэрнэ.
Уушгины хэлбэр: Агааржуулалт муутай нөхцөлд хөрс, бууц цэвэрлэх, арьс элдэх, ноос, яс боловсруулах зэрэг үед боомын нян аэрзоль байдлаар цацагдаж амьсгалын замаар боомын халдвар үүсгэнэ. Халдвар авсан тохиолдолд өндөр халуурч цээжээр хатгуулах, толгой өвдөх, ядрах, хуурай ханиалгах, цаашид цустай цэр гарах, цустай ханиах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
Гэдэсний хэлбэр: Боомын гэдэсний ба залгиурын хэлбэр нь мал, амьтны гаралтай халдвартай бүтээгдэхүүнийг түүхий болон дутуу боловсруулж хэрэглэснээс үүснэ. Халдвар авсан тохиолдолд 39-40 хэм хүрч халуурах, толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох, бөөлжиж цусаар гүйлгэх болон ам залгиурын хэлбэрээр өвчилсөн үед хэл, хүүхэн хэл, залгиур, хоолойн хэсгийг шархлуулна.
Арьсны хэлбэр: Халдвартай мал, амьтан тэдгээрийн түүхий эдтэй харьцах үед ахуйн байдлаар халдвар авч боомын арьсны хэлбэрээр өвчилнө. Арьсны хэлбэрийн боомын халдварын зарим тохиолдолд булчирхайгаар дамжин үжил үүсэх тохиолдол бий. Энэ үед эмнэлзүйн өвөрмөц бус шинж тэмдэг болон амьсгал давхцан өвчтөн шокт орохоос гадна захын судасны цусан хангамж буурснаас комд орох, хэдэн цагийн дотор нас барах тохиолдол ч байдаг байна. Арьсны хэлбэрийн боомын үед арьс загатнаж толбо гарч гүвдрүү үүсэж улмаар цэврүүтэж эмзэглэлгүй хар тав тогтож их хэмжээний хаван үүснэ.
Боом өвчний сэргийлэлт
- Газрын хөрсөнд боомын нян хэдэн арван жилээр хадгалагддаг тул малчид, тариаланчид, газар шорооны ажил эрхлэгчид арьсыг шалбалах, гэмтээхээс болгоомжлох
- Үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй байх, шатааж устгах, ил задгай хаяхгүй байх
- Мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх
- Зайлшгүй шаардлагаар үхсэн, өвчилсөн мал, амьтантай харьцах үедээ хамгаалах хувцас өмсөх
- Боомын голомттой нутгийн хүн ам, малыг боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах
- Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах
- Боомын өвчлөл гарсан малын хашаа хороо, өтөг бууц, хэвтрийг халдваргүй болгох ажлыг мал эмнэлгийн хяналттайгаар хийх
- Мал үхсэн тохиолдолд мал эмнэлгийн байгууллагад хандаж үхсэн шалтгааныг тогтоолгох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ