СУРВАЛЖИЛГА: Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг

Энэ сарын 25-наас улс даяар 11 настай хүүхдүүд вакцинд хамрагдана. Вакцинжуулалтыг ЭМЯ, ХӨСҮТ хамтран ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна. Хүүхдүүдэд хүний папиломма вирусээс урьдчилан сэргийлэх вакциныг тарих юм. Манай улсад 2012 онд энэ вакциныг нэвтрүүлсэн ч төдийлөн амжилт олоогүй талаар бид өмнөх нийтлэлдээ хөндсөн.

 

-Баримт нэн тэргүүнд сүлжээний олон нийтийн эрх ашгийн төлөөх бүтээл-

Энэ сарын 25-наас улс даяар 11 настай хүүхдүүд вакцинд хамрагдана. Вакцинжуулалтыг ЭМЯ, ХӨСҮТ хамтран ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулна. 11 настай хүүхдүүдэд хүний папиломма вирусээс урьдчилан сэргийлэх вакциныг тарих юм.

Манай улсад 2012 онд энэ вакциныг нэвтрүүлсэн ч төдийлөн амжилт олоогүй талаар бид өмнөх нийтлэлдээ хөндсөн. Харин 2023 онд вакциныг Үндэсний дархлаажуулалтын товлолт  вакцин болгож, хуульд нэмсэн юм. Тэгэхээр эцэг эхчүүд 11 настай хүүхдээ вакцинжуулах, хүүхдүүд энэ вакцинд хамрагдах, ерөнхий боловсролын сургуулиуд вакцинжуулалтыг зохион байгуулах үүрэг хүлээж байна.

Дархлаажуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйл. Заавал хийх дархлаажуулалт

10.1.Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, А вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусын халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

Энэ хэсэгт 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "2023 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг ЭМЯ боловсруулж УИХ-д өргөн барьсан. Энэ хуульд гурван төрлийн вакциныг дархлаажуулалтын үндэсний товлолд оруулснаараа онцлогтой. Эдгээр нь гепатит А вирусийн эсрэг, пенамакокын эсрэг болон хүний папиллома вирусийн эсрэг сэргийлэх тарилга юм.

Ингэснээр  хүний папилома вирусийн эсрэг вакциныг практикт нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдлээ. Дархлаажуулалтын тухай хуулийн дагуу дархлаажуулалтын товлолыг Засгийн газар батлах ёстой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард баталж, 11 настай хүүхдүүдэд хүний папилома вирусийн эсрэг вакциныг хийх шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Энэ дагуу энэ сарын 25-наас хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг үндэсний хэмжээнд эхлэхээр бэлтгэж байна.

Бид эрүүл мэндийн салбарын ажилчид, сургуулийн удирдлага, багш нар, нийгмийн ажилтан, шийдвэр гаргах түвшний хүмүүс болон эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг эхлүүлсэн. ЭМЯ, ХӨСҮТ, ХСҮТ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран 21 аймаг, есөн дүүрэг сургалт сурталчилгааг эхлүүллээ гэв.

 

ХҮНИЙ ПАПИЛЛОМА ВИРУСИЙН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ТАРИЛГЫГ ЯАГААД ХИЙХ БОЛОВ?

Манай улсад умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдол дэлхийн болон бүсийн орнуудтай харьцуулахад өндөр байна. 100 мянган хүн тутамд 20 тохиолдол бүртгэдэг байна. Иймд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

15 хүртэл насны хүүхдүүдийн 90 хувийг вакцинжуулна, 35 болон 45 настай эмэгтэйчүүдийн 70 хувийг эсийн шинжилгээнд хамруулна. Учир нь умайн хүзүүний хорт хавдар 30-аас дээш насны эмэгтэйчүүдэд түлхүү тохиолдож байна. Оношилгоо, эмчилгээ үнэ төлбөргүй боловч эмэгтэйчүүд эрт илрүүлэгт орох нь бага байна.

Аймгуудаар нь харвал Өмнөговь аймагт эрт илрүүлэгт хамгийн бага буюу нийт эмэгтэйчүүдийн 19 хувь хамрагдсан бол Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 70 хувь байна.      

ХСҮТ-ийн Хорт хавдар, эрт илрүүлгийн бүртгэл, тандалтын албаны дарга Т.Ундармаа

Хүний папиллома вирус ямар байрлалд хавдар үүсгэдэг вэ гэхээр ам залгиурын хавдрууд, эрэгтэйчүүдийн шодойн хавдрууд, анусны хавдрууд, эмэгтэйчүүдэд эм бэлэг эрхтний, гадна бэлэг эрхтний хавдар, үтрээ, умайн хүзүүний хавдар үүсгэдэг. Хүний папиллома вирусийн өндөр 14 хэв шинж нь, тэр дотроо 16, 18-р хэв шинж нь илүү хоруу явцтай, умайн хүзүүний хавдрыг илүү үүсгэж байна гэж анхааруулав.

Эмч мэргэжилтнүүд хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх тарилгыг хөвгүүдэд ч хийх саналтай байна. Учир нь энэ вирус нийт 200 хэв шинжтэй, үүний 50 орчим нь бэлгийн хавьтлаар дамждаг. Эрэгтэйчүүд энэ вирусийг тээгч бөгөөд бусдад халдвар тараадаг, мөн энэ вирусийн улмаас ам залгиурын, эр бэлэг эрхтний, анусны хавдраар өвчилдөг гэв.

Эмч нар 2008 оноос хүний папиллома вирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэх саналыг анх гаргаж, 2012 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр 15 настай охидод вакцин тарьжээ. Гэвч эмч нар энэ вакцины талаарх хангалттай мэдлэг мэдээлэлгүй байсан тул, хэвлэлийн хурал хийж, энэ вакцин олон талын сөрөг нөлөөтэй”гэсэн байна.

Өнөөдөр ч ийм бодолтой иргэд байсаар. Тэгвэл хүний папиллома вирусийн эсрэг вакцинтай холбоотой худал болон үнэн мэдээллийг та бүхэнд хүргэе.     

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫ ТАЛААР МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ХЭЛЭВ?

ХУДАЛ: Хүний папиллома вирусийн эсрэг вакциныг хийлгэснээр эрэгтэй хүүхэдтэй болдоггүй. 😡

ҮНЭН: “Хавдрын үндэсний зөвлөл”  ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан: Ямар ч вакцин хүүхдийн хүйсийг тодорхойлж, нөлөөлдөг гэх судалгаа хаана ч байхгүй.

НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл: Дэлхий дахинд 1897 оноос хойш вакцин хийж эхэлсэн түүхтэй. 240 жил гаруй хугацаанд хүний хүйсэнд нөлөөлсөн гэх ямар ч судалгаа шинжилгээ байхгүй".  

ХУДАЛ: Энэ вакцин чинь үргүй болгодог гэсэн шүү дээ. 😠

ҮНЭН: Хавдрын үндэсний зөвлөл” ТТБ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан: ДЭМБ-аас энэхүү вакциныг маш сайн судалдаг ба вакцины урвал, хүндрэлийг дагаж судалдаг хороо бий. Энэ хорооноос вакцины аюулгүй байдлыг хянадаг. 17 жилийн турш маш олон судалгаа хийх явцад энэ вакциныг тариулаад үргүй болоход нөлөөлдөггүй гэж нотолсон. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн зөвлөх Д.Нарангэрэл: Үгүй. Манай улсад 2012 онд папиллома вирусийн эсрэг тариулсан 1200 эмэгтэй, тариулаагүй 1200 эмэгтэйг даган судалсан. Судалгааны дүнд вакцин хийлгэсэн охид илүү сайн төрөлттэй байсан.

ХУДАЛ: Энэ вакцин саажилт үүсгэдэг гэсэн судалгаа бий. 😈

ҮНЭН: Д.Нарангэрэл: Саажилт үүсгэдэггүй. Энэ вакцины тухай бүх судалгаанд ийм үр дүн байхгүй, гараагүй. Зарим иргэн хуурамч мэдээлэлд шүүлтүүргүй итгэчихдэг. Саажилт үүсгэдэг вирусийн улмаас өвдсөн хүмүүс байдаг. Тиймээс үүнийг ялгаж, салгах хэрэгтэй.  

ХУДАЛ:  Вакцин тарьж хүн амыг цөөрүүлэх бодлого явуулж байна. 😤

ҮНЭН:  Б.Цэцэгсайхан: Вакцин бол хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн том ололт амжилтуудын нэг. Хавдраас сэргийлдэг хоёр л вакцин бий. Нэгдүгээрт, элэгний хавдар үүсгэдэг B гепатит вирусийн эсрэг вакцин. Хоёрдугаарт папиллома вирусийн эсрэг вакциныг нэрлэдэг. Вакцин бол хүн төрөлхтнийг аюулт өвчнөөс хамгаалдаг болохоос устгах зориулалттай биш. 

ХУДАЛ: Вакцинаар бизнес хийж байна. 🤑

Д.Нарангэрэл: Үгүй. Манай улсад хийгдэж буй товлолын вакцинуудаар бизнес хийх боломжгүй. Зарим оронд вакцин байхгүй шалтгаанаар жил бүр халдварт өвчнөөр 1-1.2 сая хүн нас бардаг. Гэтэл манай улсад вакцин нь байгаад байна шүү дээ. Манай улс вакциныг худалдаж авахдаа дотоодод тендер зарладаггүй. НҮБ-ын Хүүхдийн сан олон улсад тендер зарлан вакцин үйлдвэрлэгчээс нь ХӨСҮТ хүртэл стандартын дагуу тээвэрлэнэ.

Монголд 1923 оноос вакциныг төрийн бодлогод оруулсан. Судлаачдын үзэж буйгаар хэрвээ бид вакцин тариулдаггүй байсан бол 1-2 сая хүн амтай байх  байжээ. Вакцин маш эерэг үр дагавартай. 

ХУДАЛ: Полисорбит 80 гэх хортой бодис агуулдаг. ☠️

ҮНЭН: Д.Нарангэрэл: Ийм бодисууд байхгүй.  

ХУДАЛ: Биднийг мартамхай болгох гэж байна. 💩

ҮНЭН: Б.Цэцэгсайхан: Уг вакцин дэлхий дээр 500 сая удаа хийгдсэн. Маш сайн судлагдсан вакцины тоонд ордог. ДЭМБ-аас гаргасан судалгаанд мартамхай болгодог гэсэн судалгааны үр дүн байхгүй. ДЭМБ-ын дэргэдэх хороо вакцины урвал хүндрэлийг тогтмол хянаж байдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар сөрөг урвал хүндрэл илэрвэл зах зээлээс вакциныг татах гэх мэт арга хэмжээг авдаг.  

ХУДАЛ: Охидын умайд идээ, үрэвсэл, хавдар үүсгэдэг. 💀    

ҮНЭН: Б.Цэцэгсайхан: Папиллома вирусийн эсрэг вакцин нь тухайн вирусийн хэв шинжтэй адилхан уургийг тарьж байгаа гэсэн үг. Ямар нэгэн амьд вирус агуулаагүй. Тэгэхээр халдвар, хавдар ч үүсгэхгүй.  

ХУДАЛ: Африкт охид олноороо саажилттай, тахир дутуу болсон. Та нар дэмжихээ болиоч. 👿

ҮНЭН: Б.Цэцэгсайхан: Энэ вакциныг тарьж байгаа бүх орнууд вакцины дараах хариу урвалыг судалж байгаа. Одоогийн байдлаар Африкт олон охин саажилттай болсон гэсэн мэдээлэл, судалгаа, тохиолдол байхгүй.

ХУДАЛ: Вакциныг халдварт өвчинд л тарьдаг. Хорт хавдар нь халдварт өвчин биш.    

ҮНЭН: Б.Цэцэгсайхан: Манай улсад зонхилон тохиолдож буй хавдруудын ихэнх нь халдварын гаралтай байдаг. Халдварт өвчин хавдар үүсгэдэг. 1990 оны үеэс эхлэн элэгний B вирусийн эсрэг вакциныг тарьж эхэлсэн. Энэ вирус нь ирээдүйд элэгний хавдар үүсгэдэг учраас бид сэргийлээд байна. Үүнтэй адилхан умайн хүзүүний хавдар үүсгэдэг папиллома вирусийн эсрэг вакциныг тарих гэж байна. Тэгэхээр анхдагч вирусээс нь хамгаалж чадвал хавдар тусахгүй байх боломжтой. 

ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭС ХОЙШ 5, 11 ЖИЛИЙН ДАРАА ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛТ, ЖИРЭМСЛЭЛТЭД НӨЛӨӨ ГАРААГҮЙ

“Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор  Б.Цэцэгсайхан Энэ вакцины үр дүнг тодорхой хугацааны дагаж судлах үүднээс “Хавдрын үндэсний зөвлөл”  ТББ Австралийн эрдэмтэн судлаачидтай хамт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга, аргачлалын дагуу судалгаануудыг гүйцэтгэсэн. Судалгааг 5, 6, 11 жилийн дараа дагаж гүйцэтгэсэн юм.

2012 онд вакцинтай холбоотой, охидыг үргүй болгодог, үргүйдэлд хүргэдэг гэсэн асуудлууд нэлээн байсан учир бид жирэмслэлт, төрөлтөд хэрхэн нөлөөлж байгааг судалгаанд оролцогчдоос сайн тодруулж асуусан. Вакцин хийснээс хойш 5, 11 жилийн дараа эмэгтэйчүүдийн төрөлт, жирэмслэлтэд ямар нэг нөлөө үзүүлээгүй байсан.

Хамгийн гол нь, вакцин хийлгэсэн эмэгтэйчүүд хавдар үүсгэдэг 16-р хэв шинжийн, хүний папиллома вирусийн халдвараас маш сайн хамгаалагдсан байсан. Вакцин хийлгэсэн охидод 11 жилийн дараа хүний папиллома вирусийн хавдар үүсгэдэг, умайн хүзүүний хавдар үүсгэдэг хэв шинж ер илрээгүй. Вакцин хийлгээгүй хүүхдүүдийн 9 хувьд нь умайн хүзүүний хавдар үүсгэдэг хэв шинж илэрсэн.

Тэгэхээр вакцин маш сайн хамгаалж байна. Вакцин хийлгээгүй охид маш өндөр эрсдэлтэй байна гэв. Судалгааг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

Энэ сарын 25-наас эхлэн 11 настай хүүхдүүд хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх НЭГ ТУН тарилга хийлгэнэ. 2012 онд гурван тунг тарьж, нэгдүгээр тунтай харьцуулахад гурав дахь тунгаа тариулсан охидын хувь 77-аас 60 хувь болж буурсан. Харин анагаахын шинжлэх ухааны хөгжил дэвшлийн үр дүнд одоо нэг тунг л тарихад дархлаа тогтоож байгааг судалгаагаар тогтоожээ.

Мөн энэ вакциныг тариулсан хүүхдүүдэд хүнд урвал хүндрэл гараагүй гэж ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаа тайлбарлав.

БУСАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА

Энэ вакциныг эрт нэвтрүүлсэн орнуудад хүний папиллома вирусийн халдвар 90 хүртэл хувиар буурчээ. Жишээ нь, Шведэд хийсэн бүртгэлд суурилсан, ажиглалтын судалгаагаар вакцинжуулалтын арван жилийн дараах нөлөө вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 9-16 насны охидод умайн хүзүүний хорт хавдрыг 88 хувиар бууруулжээ.

17-30 насны эмэгтэйчүүдийг вакцинжуулах нь үр дүн багатай байсан ч вакцин хийлгээгүй бүлэгтэй харьцуулахад хорт хавдрын өвчлөл 53 хувиар буурсан байна.  Ижил судалгааны үр дүнгүүд Англи, Данид гарсан гэж ЭМЯ-наас эмч нарыг хамруулсан сургалтын үеэр танилцуулав.           

11 настай охид хөвгүүдийг энэ сарын 25-наас вакцинжуулалтад хамруулахаас өмнө улс даяар 5000 эмчид сургалт явуулна. Сургалтыг энэ сарын 20-нд эхлүүлэх юм. Мөн энэ удаад ч АНУ-д үйлдвэрлэсэн Гардасил вакциныг тарих бөгөөд нэг тунг Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан дөрвөн цент вакциныг 4.5 ам.долллараар худалдан авчээ. Энэ вакциныг нийт 270 сая тун тарихад ноцтой урвал хүндрэл гараагүй аж.       

Энэ нь хүний папиллома вирусийн дөрвөн хэв шинжийн эсрэг тарилга гэсэн үг юм. Дэлхийн эмийн зах зээлд 2 цент вакцин 27, дөрвөн цент нь 39, 9 цент нь 100 ам.долларын үнэтэй байна.    

Эрүүл яам, ХӨСҮТ, ХСҮТ ийнхүү улс даяар бэлтгэлээ базаасаар. 2013 онд төрсөн, өмчийн бүх хэлбэрийн сургуулийн (хувийн, улсын ЕБС-иуд) сурагчдыг дархлаажуулна. Нийт 788 сургуульд дархлаажуулалт ээлж дараагаар явагдана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ч хамруулах юм.

Үндэсний товлолт вакцин хэмээн хуульд нэмсэн тул энэ удаад ээж аавуудаас зөвшөөрөл авахгүй. Гэхдээ таниулах хуудсанд гарын үсэг зуруулна.

ОХИДЫГ БАГА НАСАНД НЬ ВАКЦИНЖУУЛБАЛ УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРС БУУРУУЛНА

Вакцины талаарх худал мэдээлэлд итгэсэн эсвэл мэдлэг ойлголт багатай иргэд багагүй байна. Иймд бид 11 настай охины ээж Т.Ононтой ярилцав.

-Яагаад охиндоо энэ вакциныг хийлгэхээр болов?
-
Вакцин хүн төрөлхтөнд гарсан ололт амжилтуудын нэг гэж боддог. Харин сүүлийн үед вакцины талаар хүмүүс сөрөг сэтгэгдэлтэй байдаг болсонд харамсдаг. Ялангуяа товлолт вакцинуудад хамрагдуулаагүй хүүхдүүд их болсон. Энэ нь ирээдүйд тэр өвчин тархаж, тэр нь хүүхдэд маань нөлөөлөх вий гэж их айдаг.

Манай хүүхэд жаахан амархан өвдөх хандлагатай байдаг. Тиймээс би ирээдүйд тохиолдож болох нэг ч гэсэн эрсдэлт хүчин зүйлээс хамгаална гэсэн утгаар дэмжсэн.

Энэ вакциныг өмнө нь би хувиараа төлбөрөө төлөөд хийлгэж болно гэж ойлгодог байсан. Товлолт вакцинд орсонд баяртай байна. Олон хүүхдийг ирээдүйн эрсдэлээс хамгаалах сайхан санаачилга болжээ. Вакцин хийлгэх нь тухайн өвчнөөс хамгаалах, өвчилсөн тохиолдолд хөнгөн тусах арга юм. Бид хоёр жил болгон томуугийн вакцинд хамрагддаг.

Тэр үед охиндоо тэгж л тайлбарладаг. Ер нь вакцины нээлт, хөгжлийн талаар тайлбарласан сонирхолтой мэдээлэл уншиж өгмөөр санагдлаа.

-Энэ вакцины талаар худал мэдээлэл харж, сонсож байв уу. Тийм бол танд юу гэж бодогдож байсан бэ?
-
Сонсож байсан ч "хятад таавчик өмссөнөөр бэлгийн замын халдварт өвчин тусна" гэдэг шиг л инээдтэй, эмгэнэлтэй санагддаг даа. Үнэхээр хүмүүс итгээд байна уу, зорилготойгоор худал мэдээлэл тараадаг уу, сайн мэдэхгүй юм.

БҮХ СУРГУУЛЬД ТҮР ЦЭГ БАЙГУУЛЖ, ХҮҮХДҮҮДИЙГ ДАРХЛААЖУУЛНА

11 настай охид, хөвгүүдийг тарих хийх тул тэдний дунд хаалт тавьж, эмч асуумж авч, үзлэг хийсний дараа тарина. Сургуулиудад байгуулах түр цэг нэг урсгалтай, орсон хаалгаар буцаж гарахааргүй буюу сонгуулийн санал хураалтын зарчмаар анги танхимыг зассан байна.

Тариулснаас хойш 30 МИНУТАД хариу урвал гарч болзошгүйтул заавал эмчийн хажууд хүлээх шаардлагатай. Ширээ бүр дээр үйл ажиллагааг илтгэсэн хаягтай байна. Мөн тухайн сургууль бүрийн гадаа Яаралтай тусламжийн баг бэлэн байх тул хүүхдүүд, ээж аавууд, асран хамгаалагч нар айж сандрах, эргэлзэх хэрэггүй, эмчийн асуумжид үнэн зөв хариулаарай гэж эмч нар зөвлөв.    

Мөн тариулахаасаа өмнө шингэн зүйл хангалттай уусан байх, кофе гэх мэт кафейн агуулсан шингэн уухгүй байх, удаан хугацаагаар зогсохгүй байхыг онцоллоо.  

Төгсгөлд нь мэдээлэхэд, дэлхийн 140 улс хүний папиллома вирусын эсрэг тарилгыг нэвтрүүлжээ. 75 улс хоёр хүйсэндээ буюу охид, хөвгүүдэд тарьж байна. Манай улс ч тэдний эгнээнд нэгдэв. Хойд, Өмнөд Америк тивийн бүх улс энэ тарилгыг хүүхдүүдэд хэрэглэж байгаа бол манай хоёр хөрш улс болох ОХУ, БНХАУ-д нэвтрүүлээгүй байна.

Эх сурвалж:gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Уржигдар 08 цаг 29 мин