2549 иргэнийг ₮45.3 тэрбумаар хохироосон "Бэлтэс мөрөн"-ий шүүх хурал үргэлжилж байна

"Бэлтэс мөрөн" ХХК-ийг үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2024.11.07/ Хөвсгөл аймгийн шүүхийн байранд үргэлжилж байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газрын шүүх хуралдааны танхимд зохион байгуулсан.

Шүүх хуралдааны бүрэлдэхүүн шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн билээ.

Хэргийг сануулахад, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.

Ташрамд дурьдахад, "Бэлтэс мөрөн" ХХК-ийг аав С.Ганбаатар, ээж Р.Бузмаа, охин Г.Нямдэлгэр нар хамтран байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ