“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнана
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэн, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг Чингис хаан одонгоор шагнаж урамшуулж, Чингис хааны нэр алдарыг дэлхийд дуурсгаж байхаар хуульчилсан.
Энэ жил дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг эзэн Чингис хааны одонгоор шагнахаар шийдвэрлэлээ. Бан Ги Мүн-ий хувьд БНСУ-ын гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа Монгол, Солонгос хоёр улсын харилцааг стратегийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Мөн 2009 онд монгол Улсад айлчилж, хоёр улсын иргэд хүмүүнлэгийн харилцаа, эдийн засаг, улс төр бүхий л салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан. Түүнчлэн НҮБ, Монгол Улсын харилцааг шинэ түвшинд гаргаж, НҮБ Монгол Улсын аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн баталгаа болохыг нотолж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд олон зуун сая долларын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, далайд гарцгүй орнуудын төвийг Монголд байгуулж, Монгол Улсын тээвэрлэлт, эдийн засаг, геополитик, газар зүйн онцгой нөхцөл байдалтай уялдуулан дэмжлэг үзүүлж ирсэн. Гуравдугаарт, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх, цөлжилтийн эсрэг, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр олон дэмжлэг үзүүлж ирсэн. Тухайлбал, Бан Ги Мүн сангийн санаачилгаар баталсан тогтвортой хөгжлийн зорилт, Парисын хэлэлцээрийн дагуу батлагдсан Ногоон хөгжлийн сан Монгол Улсад 470 сая ам долларын нэн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг баталж, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж эхлээд байна. Мөн Дэлхийн ногоон хөгжлийн институт Монгол Улсад 100 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж, хөтөлбөрүүдийг баталж, хэрэгжүүлж эхлээд байна.НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын энхийг санхиулах үйл ажиллагаанд ихээхэн дэмжлэг үзүүлж цэнхэр дуулгатнууд болон НҮБ-ын харилцаа шинэ шатанд гарч, монгол цэргүүдийн дэлхийн энх тайвны үйл ажиллагаанд оролцох оролцоо ихээхэн өргөжсөн.
Тэрбээр, дэлхийн түвшинд НҮБ-ын шинэчлэлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг тогтоохоос гадна, дэлхийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн хүний эрх тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хороог байгуулахаас авахуулаад олон санаачилга гаргаж, хэрэгжүүлж ирсэн байдаг. Дэлхийн бүх улс орны удирдагчид Тогтвортой хөгжлийн зорилтыг баталж 2030 он хүртэл хэрэгжүүлэх амлалт, үүрэг авсан. Монгол Улс 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг УИХ-аар баталж хөгжлийн луужин болгон ажиллаж байна. Иймд хоёр улсын харилцаа төдийгүй дэлхий нийтийн хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж Эзэн Чингис хааны одонгоор НҮБ-ын найм дахь Ерөнхийлөгч Бан Ги Мүн-ийг шагнахаар шийдвэрлэлээ гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД