ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан зөвхөн лайв хийлгэх, пэйж хөгжүүлэх нэрийдлээр шууд гэрээ байгуулж, 680 сая төгрөг олгожээ
Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даалгавраар нэр бүхий 10 хэвлэлтэй шууд гэрээ байгуулах нэрээр 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хуваарилсан баримт бид өмнө ол нийтэд ил болгосон.
Тэгвэл энэ удаа дахин Жижиг дунд үйлдвэрийн газраас татвар төлөгчийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан дараах баримтуудыг ил болгож байна.
Тухайлбал, МАН-ын Бага хурлын гишүүн, Эрхэт Монгол медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаярын хамаарал бүхий хоёр компани буюу "Нэйшнл сошл медиа" ХХК-тай “Шинэ хоршоо хөдөлгөөн“-ий 6 бүсийн мэдээллийг шууд дамжуулах нэрийдлээр төсвийн 500 сая төгрөг, "Эх гоёот медиа групп" ХХК-тай “Шинэ хоршоо хөдөлгөөн“-ийг пэйж хуудсыг хөгжүүлэх нэрийдлээр төсвийн 80 сая төгрөгийг шууд гэрээгээр олгосон байна.
Уг санхүүжилтийг 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө буюу 2024 оны зургаадугаар сард шилжүүлсэн бөгөөд үлдэгдэлийг сонгуулийн дуусснаар өгчээ.
Мөн “Шинэ хоршоо хөдөлгөөн“-ний шууд дамжуулалт хийхээр 10 телевизтэй 100 сая төгрөгийн шууд худалдан авалт мөн хийжээ.
Уг санхүүжилтийг 2024 оны УИХ-ын сонгуулиас өмнө буюу 2024 оны зургаадугаар сард шилжүүлжээ. Ингэж шууд гэрээ байгуулах болсон шалтгаанаа, Засгийн газрын бодлого шийдвэр, хэрэгжилт болон цаг үеийн мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэх хүрээнд "Шинэ хоршоо хөдөлгөөн", хоршиж хамтарч ажиллахын ач холбогдол, үр нөлөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгжийн жагсаалтыг доорх байдлаар баталж, санхүүжилтийг шууд олгохоор болсон гэж тайлбарлажээ.
Эх сурвалж: arslan.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД