Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэмжийг 30%-иар нэмнэ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эрхэм нандин сувд” ТББ-ын удирдлагуудтай уулзлаа.

Тус ТББ-аас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын хэмжээнд 2022 оноос эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж байна.

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлээд байгаа бөгөөд цаашид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ гал унтрааж, аргацаасан биш тогтолцооны шинэчлэлтүүдийг үе шаттайгаар хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгааг уулзалтын үеэр онцолж байлаа. 

Хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал, боловсрол, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө, дэмжлэг өгөх, аав ээжийг нь хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээг үзүүлэх ДЭМЖИХ ТӨВҮҮДИЙГ байгуулахаар улсын төсөвт тусгуулжээ. 

Эцэг, эхчүүдийн зүгээс нийгмийн үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах, гадаадад өртөг өндөртэй хийгдэж буй хагалгаа, эмчилгээг эх орондоо хийлгэх, сэргээн засах, нөхөн сэргээх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэрэгтэйг онцлов. 

"Халамжийн сунгалт, тусгай хэрэгсэл авах тодорхойлолт авахад хүнд суртал, чирэгдлийг арилгаж, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын гурван салбарын уялдаа холбоог хангах хэрэгтэй. Мөн эрхзүйн орчныг сайжруулахаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлдэж байгаа" гэдгийг салбарын сайд мэдэгдлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ