Энэ оны аравдугаар сарын байдлаар нийслэлд цэцэрлэгийн 15, сургуулийн долоон барилга ашиглалтад оржээ

2024-2025 хичээлийн жилд буюу он дамнан улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна. Дээрх 27 сургуулийг ашиглалтад оруулснаар 16,400 суудал, 48 цэцэрлэг ашиглалтад орсноор 7,350 ор нэмэгдэх юм. Энэ оны аравдугаар сарын байдлаар эдгээрээс 15 цэцэрлэгийн барилга, долоон сургуулийн барилгыг ашиглалтад оруулжээ.

  • Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусгаж, ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэгийн барилга нь хоёр давхар бөгөөд заах арга зүйн танхим, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, ажилчдын хувцас солих өрөө, бэлтгэлийн өрөө, халуун цех, сургалтын заал, багш, ажилчдын амрах өрөөг гаргаж өгсөн юм.
  • Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 84 дүгээр цэцэрлэгийн 240 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, талбайн тохижилтын ажил дуусаж, энэ хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээж аваад байна.
  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг нь хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Мөн нийслэлийн орон сууцны хороолол, хүн амны нягтрал ихтэй таван дүүргийн найман байршилд 44,870 ам.метр газар чөлөөлөн, нийслэлийн 2024 оны төсвийн тодотголоор зургаан сургууль, нэг цэцэрлэгийн барилгын төсөл арга хэмжээний хөрөнгийг баталжээ.

Тухайлбал Баянзүрх дүүрэг 36 дугаар хороо Баянмонгол хороолол, 640 хүүхдийн суудалтай сургуулийн газар, Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхон, 960 хүүхдийн суудалтай сургуулийн газрыг чөлөөлсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ