Нарны замын зүүн хэсэг, Сэлбэ голын баруун эрэгт авто замыг шинээр барина
Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд шинээр авто зам барина.
Тодруулбал, Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барихаар газар чөлөөлж байна.
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр" төслийн зохицуулагч Х.Булгаа, “Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичигт Улаанбаатар хотын холбоос гол замуудыг шинэчлэх зураг төслийг боловсруулсан. Нарны замын зүүн талаас Амгаланг холбох 3.7 км авто зам барих газрыг чөлөөлж эхэлсэн. Мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулахад бэлэн болоод байна. Шинэ зам Амгалан орчимд хотын зүүн тийш гарах хөдөлгөөний урсгалыг багасгаж, авто замын сонголтыг нэмэх ач холбогдолтой. Түүнчлэн Сэлбэ голын баруун эрэгт буюу АНУ-ын ЭСЯ-ны зүүн хойно, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн зүүн талаас Дарь эх, Хайлаастыг холбосон гүүр хүртэл 2.7 км авто замын зураг төслийг боловсруулсан, батлуулах шатандаа байна. Энэ зам холбогдсоноор Арслантай гүүрнээс хойш Долоон буудал хүртэл босоо коридорын авто замын сүлжээ бүрдэх давуу талтай” гэлээ.
Сэлбэ, Нарны зам орчимд барих шинэ авто замуудыг цогц, гудамж замын жишгээр байгуулснаар нийслэлийн замын сүлжээг өргөтгөх, тухайн орчмын хөдөлгөөний ачааллыг багасгах ач холбогдолтой. Шинэ замаар иргэд нийтийн тээвэр, унадаг дугуй, явганаар ч зорчих боломжтой. Мөн ногоон байгууламжийг шийдсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй иж бүрэн авто зам байхаар төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ