Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагаа, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын дэвшүүлсэн санал, санаачилгуудыг хөндөж, НҮБ Монгол Улсыг тууштай дэмжиж ажилладагт талархлаа илэрхийлэв.
Түүнчлэн Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” бага хурлыг амжилттай зохион байгуулсан талаар мэдээлэл өгч, НҮБ-тай харилцаа, хамтын ажиллагааг бүх чиглэлд бэхжүүлэхийн төлөө байгаагаа онцоллоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын 2026 онд эх орондоо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг онцолж, бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байдгаа тэмдэглэлээ.
Монгол Улс олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлогоо амжилттай хэрэгжүүлж, мөнхийн хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй бөгөөд эрчимтэй хөгжүүлж байгаа нь бахархууштай хэмээн тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улс нь НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, бүс нутгийнхаа улс орнуудын харилцан ойлголцол, харилцан итгэлцлийн гүүр болж байгааг тэмдэглэхийн сацуу НҮБ нь Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бэхжүүлэхийн төлөө байгааг илэрхийллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр халуун дотноор хүлээн авсныг санан дурсаж байдгаа хэлээд, Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Монгол Улсын төр, засгаас тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, улс орныхоо хөгжил дэвшлийг цогцлоох чиглэлд гаргаж буй хүчин чармайлтыг НҮБ болон түүний системийн байгууллагууд бүх талаар тууштай дэмжихыг нотоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ