Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг дроноор илрүүлжээ
Экологийн цагдаагийн албанаас "Эко-2024" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сэлэнгэ аймгийн цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалтын тус аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт зохион байгуулж, нэр бүхий иргэд бүлэглэн 3 байршилд хүнд даацын техник хэрэгсэл ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлож байсан үйлдлийг илрүүлэв. Улмаар хууль бус үйл ажиллагаандаа ашигласан экскаватор 10, зөөврийн орон сууц 4, Монгол гэр 4, Зил-131 маркийн автомашин 2-ыг тухайн бүс нутгаас гарган мөрдөн шалгаж байна.
Дээрх хяналт шалгалтыг явуулсан газар нь тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй уул, ус, модоор хүрээлэгдсэн байгалийн бартаа саад ихтэй байсан тул цагдаагийн байгууллагаас техник технологийн дэвшил болох сансрын хиймэл дагуулын байр зүйн зураг болон дулаан мэдрэгч, хөдөлгөөн илрүүлэгчтэй “DJ Matrice 350” маркийн нисгэгчгүй нисдэг төхөөрөмж /дрон/ зэргийг ашиглан хууль бус үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбай болон техник хэрэгслийн байршлыг тогтоож энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, таслан зогсоож ажиллалаа.
Энэ төрлийн гэмт хэргийн зохицуулалт:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД