Паралимпын аварга Д.Баатаржавын хүү Б.Золбоо харваачдаа дасгалжууллаа
"Парис-2024" паралимпын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өчигдөр (2024.09.03) цэц сорилоо.
Урьдчилсан харваанд Д.Сэлэнгээ гуравдугаар байр, Б.Оюун-Эрдэнэ 18 дугаар байрт бичигдсэн бол үндсэн харваанд Д.Сэлэнгээ дөрөвдүгээр байр эзэлж, Б.Оюун-Эрдэнэ эхний харваандаа Италийн тамирчин Вероника Флореног 6:0 харьцаагаар ялсан ч шөвгийн 16-гийн харваанд БНХАУ-ын тамирчин Ву Чуняанд 6:0 харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Манай тамирчин Д.Сэлэнгээ “Токио-2020” паралимпын наадамд оролцсон туршлагатай ба пара байт харвааны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн анхны монгол эмэгтэй харваач юм. Харин 2023 оны Ази тивийн аварга Б.Оюун-Эрдэнэ “Лондон-2012” паралимпын наадамд анх удаа оролцлоо.
Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар Баатаржавын Золбоо ажиллаж байна. Түүний аав, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав "Бээжин-2008" паралимпын наадмаас Монгол Улсын анхны паралимпын алтан медалийг хүртэж, пара спортын тамирчдад урам зориг, итгэл найдвар өгсөн Монголын шилдэг тамирчин билээ.
Түүний хүү Б.Золбоо өмнө нь аавынхаа удирдлагад байт харваагаар хичээллэж байгаад аавынхаа хамт дасгалжуулагчаар ажиллаж байсан бол энэ удаа анх удаа баг тамирчдаа бие даан дасгалжуулж, Парисын паралимпод амжилттай өрсөлдлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ