Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн ИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж буй бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ