Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө самар түүхийг хориглоно

Хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа. Түүнчлэн зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авах юм байна.

Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм.

Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог аж. Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг. Самраа өгч буй хуш мод байгальд 50 гаруй жил ургасны дараа болцоо өгч эхэлдэг байна. Гэсэн ч хүний буруутай үйлдлээс болж гэмтсэн мод дахин ургах боломжгүй болох аюултай. Өөрөөр хэлбэл, самрын болц гүйцээгүй байхад түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насжилтыг нь 30 гаруй хувиар бууруулдаг байна. Ойд 140 гаруй жил наслах ёстой байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насална. Энэ нь байгаль орчинд асар их хохирол дагуулж буйг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Мөн иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд болон байгууллагын фейсбүүк хуудасны чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэн мэдэгдэж байгаа гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ