Монголчууд анх удаа DOTA 2 тоглоомын төрлөөр IESF холбооны ДАШТ-д түрүүллээ
International Esports Association буюу цахим спортын олон улсын холбооноос зохион байгуулдаг IESF World Esports Championships тэмцээн Румын улсын Яш хотод есөн өдрийн турш болж өндөрлөлөө.
Тус тэмцээний Dota2 тоглоомын төрөлд Монгол улсыг төлөөлж оролцсон IHC esports баг аваргын цомыг өргөж 50 мянган ам.долларын шагналыг хүртэв. Аваргын төлөөх тоглолтод Мьянмар улсын шигшээ багтай тоглож 2:1 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
Ингэснээр 2013 онд и-спортын зах зээлд нийлүүлэгдсэн Dota 2 тоглоомын төрөлд Монголын баг түүхэн дээд амжилт үзүүлж байна.
Тус ДАШТ-ий Dota 2 тоглоомын төрөлд Швед, Украин, АНУ, Египет зэрэг шилдэг 16 баг оролцсон бөгөөд Ази тивээс таван баг өрсөлдөв.
Манай улсын шигшээ баг В хэсэгт Иордан, Румын, Өмнөд Африк улсын шигшээ багтай өрсөлдөж гурван хожилтой нэгдүгээр байрт шалгарсан. Нугалааны дээд шатны шөвгийн дөрөвт Киргизстан улсын шигшээ багт 2:1 харьцаатайгаар хожигдож доод шатны шөвгийн дөрвөөс тэмцээнийг үргэлжлүүлэв.
Харин доод шатанд АНУ, Индонез, Киргизстан улсын шигшээ багийг хожиж аваргын төлөө тоглох эрхтэй болсон юм.
Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу Б.Алтангинж, sancity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгөлдөр нар байв. Харин багийн дасгалжуулагчаар Forev буюу Ли Санг-дон ажилласан байна.
IESF World Esports Championships тэмцээн нь CS:GO, PUBG, MLBB, Tekken 7, Dota, eFootball, CS:GO female гэсэн төрлөөр 15 дахь жилээ зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү ДАШТ нь "В" буюу гуравдугаар чансаатай тэмцээнүүдийн төрөлд ангилагддаг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ