Газрын албаны ажилтан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авчээ
- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 7-11-нд гэмт хэргийн шинжтэй 140 гомдол, мэдээллийг шалгав.
- Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
- 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тушаалтан “О” нь албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
-“Б” нь “Багануур” ХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Говь-Алтай аймгийн Цогт сумын удирдах албан тушаалтан “Н”, “Э” нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх;
-“М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх;
-Баянзүрх дүүргийн Газрын албаны албан тушаалтан “С” нь бусдын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;
-УБТЗ-ийн салбарын удирдах албан тушаалтан “П” нь өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх.
АТГ одоогоор 106 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт зургаан хэргийг шүүхэд шилжүүлэх, хоёр хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлжээ.
Хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 840 хэрэг шалгагдаж байна. Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байна гэж АТГ-аас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ