Нислэгийн үеэр онгоцны ослын хаалгыг нээх гэсэн оролдлого Өмнөд Солонгост гарчээ

Сар хүрэхгүй хугацааны өмнө Asiana Airlines компанийн онгоцны ослын хаалгыг нэг зорчигч нислэгийн үеэр нээсэн хэрэг гарч байсан билээ.

Тэгвэл Даваа гарагт ийм хэрэг дахин гарсан тухай Өмнөд Солонгосын Jeju Air компани мэдээлжээ.

Гэхдээ энэ удаа зорчигч ослын хаалгыг нээж амжаагүй юм байна.

Филиппиний Себу хотоос Инчоны чиглэлд ниссэн 180 зорчигчтой Boeing 737 онгоцонд ийм хэрэг гарчээ.

Онгоц хөөрснөөс хойш цаг орчмын дараа нэгэн зорчигч хэвийн биш ааш зан гаргаж эхэлсэн байна. Тэрбээр цээж нь давчдаж байгаа талаар гомдоллож, ослын хаалгыг нээх гэж оролджээ.

Нислэгийн багийнхан болон зарим зорчигчид түүнийг хориглож, Инчонд газардах хүртэл хянаж явсан тухай Jeju Air компани мэдээлсэн байна.

Онгоц газардмагц Инчоны нисэх буудлын цагдаагийн албан хаагчид тухайн зорчигчийг саатуулжээ. Зарим гэрчүүдийн мэдээлснээр тэр “ослын хаалгыг нээж, бүгдийг нь ална” хэмээн үйлдэлд нь саад хийсэн хүмүүсийг сүрдүүлж байсан гэнэ.

Дээрх үйл явдлын үеэр зорчигчдын болон ажилчдынх нь бие махбод, эрүүл мэндэд ямар нэг хохирол учраагүйг Jeju Air мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Yonhap News

СЭТГЭГДЭЛ БИЧИХ