Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт эхэллээ

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн зөвлөлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ наадмыг нээж үг хэллээ. Хүүхдийн спортын наадмыг 2 жил тутам зохион байгуулах шийдвэрийг  Засгийн газар гаргаснаас хойш энэ жил орон нутагт анх удаа болж байна.

Энэхүү наадам нь оюун санаа, бие бялдар, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд алсын хараатай ирээдүйн Монголыг бүтээх урам зоригийг бадраах эрхэм зорилготойг Ерөнхий сайд онцоллоо. Хүүхдийн спортын зуны VII наадамд 21 аймаг, 9 дүүргийн 43 мянга гаруй өсвөрийн тамирчид анхан шатанд өрсөлдсөнөөс шилдгийн шилдэг 5000 гаруй тамирчин шалгаран оролцож байна.

Хоорондоо өрсөлдөж, хэн нэгэн ялагч болохоос илүү, өөрөө өөрийгөө ялж ирсэнд нь Ерөнхий сайд баяр хүргээд баг тамирчид, багш дасгалжуулагчдад амжилт хүслээ.

Хүүхдийн спортын зуны VII наадам орон нутагт анх удаа олон улсын спортын наадмын жишгээр 23 төрөл, 197 жин, зай, төрлөөр зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж байна.

Эх сурвалж: Засгийн газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ