Хошорюү С.Бямбасүрэн Хацү башёд түрүүлж, ёкозүнагийн болзол хангалаа
Охо Кинбозаныг дийлж, озэки Хошорюү С.Бямбасүрэн озэки Котозакүраг давснаар гурван бөхийн хооронд нэмэлт барилдаан гарав. Улмаар Хошорюү С.Бямбасүрэн нэмэлт барилдаанд Кинбозан, Охо нарыг дараалан ялж, Хацү башёд түрүүллээ. Түрүүлээд зогсохгүй ёкозүна цол хүртэх болзлоо хангав.
Мэргэжлийн сүмогийн Хацү башё өнөөдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөх тодорно. Башёгийн 15 дахь өдөр буюу өнөөдөр шийдвэрлэх хоёр барилдаан бий. Өчигдөр башёг тэргүүлж буй Кинбозан Киришима Б.Лхагвасүрэнтэй барилдаж, давжээ. Ингэснээр тэрбээр башёг 12 даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдсэн бол Киришима арван даваа, дөрвөн унаатай болжээ. Хэрэв Киришима энэ барилдаанд дийлсэн бол нутаг нэгт бөх болох Хошорюү С.Бямбасүрэнгийн ёкозүна болох замд их тус болох байв. Харамсалтай нь барсангүй.
Харин Хошорюү С.Бямбасүрэн өчигдөр Такэрүфүжиг давж, 11 даваа, гурван унаатай болжээ. Хошорюү болон Охо нар тэргүүлэгчийн араас нэхэж байна. Өнөөдөр Охо, Кинбозан хоёр учраа таарсан бөгөөд гурван бөхийн даваа, унаа тэнцэх боломж үүсчээ. Хошорюү озэки Котозакүратай барилдана.
Сүмогийн холбооноос Хошорюү С.Бямбасүрэнг энэ башёд түрүүлвэл эсвэл түрүүлэх хэмжээний барилдвал ёкозүна цол олгоно гэсэн билээ. Ямартай ч тэрбээр түрүүлэх хэмжээний барилдаан үзүүлж байна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд өчигдөр Ошома П.Дэлгэрбаяр, Тамаваши Б.Мөнх-Оргил нар давжээ. Тэд хоёулаа качикоши буюу найман болон түүнээс дээш даваа авсан амжилттай явна. Тэгвэл Чиёошома Г.Мөнхсайхан, Тамашохо Э.Энхманлай, Онокацү Б.Чойжилсүрэн нар өвдөг шорооджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ