АН:Бид өнөөдөр АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж байна
С.Эрдэнэ өнөөдөр Л.Гантөмөрт албан ёсоор тамгаа гардуулан өгч, хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. Мөн АН-ын удирдлагууд болох Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, талцаад байсан АН-ын гишүүд нэгдэн нийлж буйгаа илэрхийллээ. Энэ үеэр, АН-ын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдөр үндэсний лидерүүдийн нэг С.Зориг агсны төрсөн өдөр тохиож байна. Ардчилал, шударга ёс, эрх чөлөө гээд АН-ын үнэт зүйл, үзэл санааны эцэг болсон энэ хүний төрсөн өдөрт хүндэтгэл үзүүлж, хүндэтгэлийн арга хэмжээг эхлүүлж байна. Бид өнөөдөр АН-ын дотор үүсээд байсан зарим үл ойлголцлын асуудлыг эцэслэж, цэг тавьж, АН нэгдмэл нэг удирдлагатай, нэг зорилготой, цаашид олон чухал асуудлыг шийдэх асуудалд ханцуй шамлан нэгдэн орох үйл явдлыг эхлүүлж байна.
Энэ хүндтэй үүргийг хүлээн авч буй АН-ын шинэ сонгогдсон дарга Л.Гантөмөрт ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье. Ардчилал, шударга ёсны төлөө манлайлан ажиллана гэдэгт итгэж байна. Монгол орон даяар ардчиллыг дэмждэг бүх иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Шударга ёсны төлөө нэгдэж, тэмцэж ажиллана" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ