Т.Тулга Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Казахстаны нийслэл Астана хотод үргэлжилж буй чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр монголын шигшээ багийн тамирчин Т.Тулга мөнгөн медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг жинд Төмөр-Очирын Тулга Киргиз, Узбекистаны бөхчүүдийг ялсаар финалд хүрсэн бөгөөд Ираны Рахман Муса Амузадхалилид 3-1 харьцаагаар ялагдсанаар мөнгөн медаль авав. Т.Тулга эхний үед илүү барилдаж торгуулийн 1 оноогоор тэргүүлж байсан ч хоёрдугаар үед Рахманы хамгаалалт сайн болж Т.Тулгын довтолгоог хамгаалсаар оноо авч яллаа. Ираны Рахман ийнхүү хоёр дахь жилдээ дараалж Азийн аварга болж байна.

Өнөөдөр Монголын таван бөх зодоглосноос

  • 57 кг жинд Занданбудын Занабазар хүрэл медалийн төлөө Казахстаны Рахат Халзанд 6-4 харьцаагаар ялагдаж 5-р байр эзэлсэн.
  • 70 кг жинд Ганхуягийн Ханбүргэд эхний шатанд Японы Ёшиносүкэ Аоягид 19-9 харьцаагаар ялагдсан
  • 79 кг жинд Бат-Эрдэнийн Бямбадорж шөвгийн наймд Энэтхэгийн Дээпэкт 4-1 харьцаагаар ялагдсан
  • 97 кг жинд Баасанцогтын Өлзийсайхан эхний шатанд Ираны Можтаба Голеуд 12-0 харьцаагаар ялагдсан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ