Өнөөдөр хүн анх сансарт ниссэн өдөр. Юрий Алексеевич Гагарин. 1961.04.12.
1961 оны 04-р сарын 12-ны өдөр Москвагийн цагаар 09 цаг 07 минутад Байконурын сансрын буудлын 1-р талбайгаас анх удаа амьд хүн суулгасан хөлөг дэлхийн агаар мандлаас тасарч, сансар огторгуйд хөөрсөн юм. Энэ гайхамшигт хувь тавилан ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагаринд тохиосон ба эрдэмтдийн хичээл зүтгэл, хэд хэдэн туршилтын эцэст бий болсон Восток-1 хөлгөөр хөөрч дэлхийгээ гаднаас нь харсан анхны хүн болов. Нислэг 108 минутд дэлхийг нэг удаа хамгийн ойрдоо 169 км-ийн зайтай тойрсон Хүйтэн дайны үед ЗХУ ба АНУ-ын хооронд сансрыг эзэмших, тэр тусмаа түрүүлж сансарт хүн нисгэх өрсөлдөөн нууцаар өрнөж байсан юм. Өрсөлдөөн ЗХУ 1957 онд анхны хиймэл дагуул Спутник-1-ийг хөөргөхөөс эхэлсэн гэж үздэг. АНУ-ын Меркури төсөлтэй өрсөлдөх Восток хөтөлбөрийг оросууд нууцаар хөгжүүлж байсан ба 1960 оны 05-р сараас 1961 оны 03-р сарын хооронд Восток хөлгийн хэд хэдэн туршилт, тэр тусмаа хүн нисгэх капсулын туршилтууд хийсэн. Туршилт болгон амжилттай байгаагүй ч сүүлийн хоёр туршилт болох Корабль Спутник 4 ба 5 нь амжилттай болсон тул анхны хүн суулгасан нислэгийг хийх боломжтой гэж үзжээ. Восток-1 хөлөг нэг хүнийг л тээвэрлэх зориулалттай байсан ба 1-р сонголт 27 настай Юрий Гагарин байсан бол нөөц нисгэгчээр Герман Титов, Григорий Нелюбов нар бэлтгэгдэж байв. Гагариныг нислэгээс 4 хоногийн өмнө сонгосон ба тэрээр сүүлийн хэдэн сарын турш хамгийн их хичээл зүтгэлтэй нь байсан аж. Сонголт хийсэн гол хүн нь сансрын нисгэгчдийн сургалтын удирдагч Николай Каманин байсан юм. Дараа дараагийн Восток хөлгүүдээс эхний нислэг хэд хэдэн зүйлээр өөр байсан. 1-рт энэ хөлгийн дохиоллыг дамжуулах туслах хөлөг байсангүй. Тиймээс газрын станцуудад л найдаж байсан бөгөөд энэ нь зөвхөн ЗХУ-ын нутаг дэвсгэрүүдэд л байсан юм. Мөн жингийн хязгаарлалтаас болж аврах хөлөг багтаагаагүй ба нислэг бүтэлгүйтвэл 10 хоног сансарт амьдрах нөөц л багтаажээ. 2-рт хөлөгт дэлхийд буух капсул шийдэгдээгүй байсан тул хөлөг буцаж дэлхийн агаар мандалд ороод нисгэгчээ 7,000 метрийн өндрөөс суудалтай нь шидэн шүхрээр буулгах гэсэн аюултай зарчимтай байв. Тиймээс ч түүнийг амьд мэнд эргэж ирэхгүй гэсэн таамаг олны дунд, тэр тусмаа өндөр албан тушаалтнуудын дунд элбэг байсан тул Гагаринг сансарт байх хугацаанд цолыг нь ахмадаас хошууч болгон ахиулсан тухай мэдээ хэвлэлүүдээр цацагдаж байжээ. Сонирхолтой нь Гагариныг хөөргөх талбайруу шилжих үеэр инженер Герман Лебедев дуулга дээр нь гараараа СССР гэж бичиж байсан ба өөр улсын нутагт буувал тагнуул биш сансрын нисгэгч гэж харна гэж үзжээ. 04-р сарын 11-нд хөлгийг шалгаад нисэх байрлалд шилжүүлсэн. Ингээд Гагарин, Титов нарыг энэ шөнө сайхан амрахыг зөвлөж, биеийн ерөнхий үзүүлэлтийг хянаж байв. Тэднийг сайхан амарсан гэдэг ч намтар судлаачид үнэндээ хэн нь ч унтаагүй гэсэн байдаг. Мөн хөлгийг зохиогч С.П.Королёв цурам хийлгүй хоножээ. 12-ны өглөө Москвагийн цагаар 05:30 цагт нисгэгчдийг босгон, цайлсны дараа нислэгийн хувцсыг нь өмсгөөд 07 цаг 10 минутад Гагарин хөлөгт орж холбооны системээ асаав. Дараагийн хоёр цагт Гагаринг дэлгэцээр хянаж байсан ба Королёв, Каманин нар түүнтэй ярилцаж байжээ. Сансрын хөлгийн таг дутуу хаагдсан тул инженер Олег Ивановский өөрийн биеэр туслан бүрэн хаав. Гагарин хөөргөх цагийг хүлээнгээ хөгжим явуулж өгөхийг хүсч байсан бол өмнөх туршилтуудын 50% нь /24 туршилтаас 12 нь/ амжилтгүй болж байсан тул Королёв маш их түгшиж байлаа. Королёвыг тайвшруулахын тулд эм өгч байсан бол Гагарин харин маш тайван байсан бөгөөд түүний зүрхний цохилт нислэг эхлэхээс 30 минутын өмнө ч минутад 64 байсан. Москвагийн цагаар 09:07 цагт Королёв “Хөдөлгүүрүүдийг асаа... хөөргөөд өг. Танд сайн нисэхийг хүсье! Бүх зүйл хэвийн байна” гэж радио холбоогоор хэлсэн бол Гагарин ердөө л “Поехали”гэж хэлснээр нислэг эхэлсэн юм. 09:17 гэхэд хөөргөх үед ашиглагдах бүх л түлшний савнууд капсулаас салж Восток-1 тойрог замд орсон. Гагарин “Бүх зүйл сайн харагдаж байна, бүх зүйл сайн ажиллаж байна, бүх системүүд хэвийн, үргэлжлүүлье” гэж хэлж байсан ба “Заря-1, Заря-1 би чамайг сайн сонсохгүй байна. Сэтгэл санаа сайхан байна, Би нислэгээ үргэлжлүүлж...” гэснээр Восток Байканурын газрын станцын радио хүрээнээс гарчээ. Тойрог зам Оросын нутаг дээгүүр үргэлжлэн, Камчаткын хойг хүрч, Номхон далайн хойд хэсгээс урагшлан Өмнөд Америкийн урд үзүүрээр тойрч, Африкийн дээгүүр өнгөрснөөр буцаж Европын нутагт ирж газардахаар төлөвлөгдсөн. Гагарин байнга холбоо тогтоож нислэг хэвийн, маршрутын дагуу үргэлжилж байгаа тухай мэдээлэл дамжуулж байсан боловч зарим мэдээллийг нь газрын станцууд хүлээж аваагүй юм. Хөлөг Африк тив дээгүүр явж байх үед буюу 10 цаг 25 минутаас газардуулах ажил эхэлсэн. Хэд хэдэн удаагийн оролдлого бүтэлгүйтэв. Гэвч Египетийн орчимд явж байх үед буюу 10:35 цагийн орчимд хөлгийн хоёр хөдөлгүүр ахин ажиллаж дэлхийн агаар мандалруу хүчтэй орж ирэв. Ингээд 10:55 цагийн орчимд Восток газраас 7,000 метрийн өндөрт ирсэн үед Гагариныг шидлээ. Газрын гадаргаас 2,5 км-ийн зайд үндсэн шүхэр задарсан ба Саратов мужид Энгельс хотоос 26 км-ийн зайд 11:05 минутад Гагарин эсэн мэнд газардаж чадав. Түүний энэхүү буултыг сургуульдаа явж байсан хоёр охин харсан бөгөөд “2-3 метрийн хэмжээтэй том бөмбөг газарт унасныхаа дараа ойгоод ахин газардсан. Тэнд нь маш том хонхорхой үүссэн” гэжээ. Газардсаны дараа шүхэр дороос цагаан дуулга, улбар шар хувцастай нэгэн гарч ирэхийг харсан нутгийн фермер охины хамт айн ухрахыг харсан Гагарин “Бүү ай. Би тантай адил Зөвлөлтийн хүн, Би Москваруу утсаар ярих ёстой” гэж хэлжээ. Ийнхүү Юрий Гагарины сансарт өнгөрүүлсэн 108 минут дэлхий ертөнцийн хөгжилд эргэлт болсноос гадна түүнийг дэлхийн хамгийн алдартай хүн болгож, амьдралыг нь өөрчилсөн билээ. Тэрээр дэлхийн баатар болохоос гадна ЗХУ-ын суртал ухуулгын нэг том бэлгэдэл болсон бөгөөд түүнийг албан ёсоор угтах Улаан талбайд болсон үйл ажиллагаанд Ю.Цэдэнбал дарга оролцож байсан нь гэрэл зурагт мөнхрөн үлдсэн байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ